Ч.Ганжавхлан: Талийгаач охины ээж олон жил хүчирхийлэлд өртсөн хохирогч

Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг олон нийтийг цочроож байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг “Лантуун дохио” төрийн бус байгууллага “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” нэртэй хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, сошиалаар шуугих, сенсаацлах бус харин бодитоор тэмцэх хэрэгтэйг уриалсан арга хэмээг зохион байгууллаа.

Энэ үеэр уулзалтыг зохион байгуулагч Ч.Ганжавхлан талийгаач охины ар гэрийнхэнтэй нь уулзсан талаараа ийн ярив.

-Манай байгууллагын хувьд хүүхэд хамгааллын ажлыг олон нийтийн оролцоо хандив тусламжаар хийдэг. Хоёр дахь төвөө нээсэн.  Нийслэлийн хамгийн их хүчирхийлэлтэй, Баянзүрх, Баянхошуу, Шархад орчмоор үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн амралтын өдөр бяцхан охиныг үнэхээр харамсалтайгаар алдчихлаа. Бид энэ үед зүгээр харж сууж чадсангүй. Өнөөдөр 9 настай охины энэ хэрэг хэдхэн хоног цахимаар шуугиад өнгөрөх нь үнэхээр үнэ цэнэгүй хайран байсан учраас энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон.

– Өнөөдрийн энэ арга хэмжээнээс харахад иргэд хөөстэй биш юм байна. Манлайлал дутаад байсан юм гэдгийг харлаа. Өмнө нь хууль төр засаг болохгүй байна гэдэг байсан. Харин өнөөдөр чи яг хүчирхийллийг  юу хийсэн бэ гэж асуумаар байна.

– Хүчирхийллийг ийм болтол нь өөгшүүлж,  ийм олон хүүхэдээ алдах хүртэлээ явсан нь бидний буруу. Өнөөдрийн нийгэмд иргэдийн оролцоо сайжрахгүйгээр ийм бусармаг зүйл хэзээ ч арилахгүй. Танай хажуу талын айлд хүүхдийн хавиргыг нь хугалаад хоёр өдөр уйлуулсан байхад та түүнийг 108-д мэдэгдээгүй бол хүчирхийллийг дэмжиж байна л гэсэн үг.

– Өнөөдөр бидний зарим нь араатан болчихож. Тиймээс Хүн болцгооё. Хүчирхийллийг тэвчдэггүй байя.  Ямар нэг үр дүн гаргацгаая гэж уриалаад байна.

– Дэлхий дээр ганцхан арга замаар хүчирхийлэл буурдаг. Энэ нь иргэдийн хяналт, оролцоо. Яг танай дээд юм уу доод талын айл хүүхдээ зодоод өдөр шөнөгүй уйлуулж байвал та л мэдээлэл өгөхгүй бол үүнийг хэн ч мэдэхгүй. Та тэр айлд юу болж байгаа бол гэж бод. Ингэж гэмээнэ хүчирхийлэл буурна.

– Цахим сувгуудаар ойрын хэд хоног талийгаач охины ээжийг буруутгасан хандлага маш их гарсан. Гэтэл бодит амьдрал дээр байдал өөр байдаг. Тухайн эмэгтэй олон жилийн архаг хүчирхийллийн хохирогч байсан.

– Би саяхан талийгаач охины ар гэрийнхэнтэй уулзсан. Гэвч таамаглаж байсанчлан ээж нь хүчирхийллийн маш том хохирогч байсан. Дээр нь дарамт шахалтад амьдардаг байсан болохоор сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орсон ч байж болзошгүй.

– Хүчирхийллийн чөтгөрийн тойрогт энэ ээж амьдарч байсан байна гэдгийг олж харсан. Бид нар ийм хэрэг гарангуут хохирогчийг шууд буруутгадаг. Гэтэл юм цаанаа өөр байдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close