МАН-ын Удирдах зөвлөл ​НИЙСЛЭЛИЙГ Д.Сумьяабазарт “атгууллаа”

Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар хотын удирдлагаа томилох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга, хотын дарга болон орлогчдыг МАН дангаараа томилох бүрэн эрх нь бүрдсэн юм. Сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн МАН дотроос дараагийн Хотын дарга хэн болох вэ гэх марафон ширүүхэн өрнөж, горилогчид өөр өөрсдийнхөө нэрийг хэвлэлээр бичүүлж эхэлсэн. Хэд хэдэн хүний нэр давтамжтайгаар хэвлэлээр бичигдсэн. Тэдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар. Нийслэлийн МАН-ын дарга гэдэг утгаараа ийм амбиц байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэн эртнээс тааварласан.

Тэгвэл өнөөдөт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,  Хотыг хэнээр удирдуулахаа шийдвэрлэжээ. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар хотыг удирдахаар болжээ.  Одоо шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа зарлаж, бүлгээ байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн дарга, бүлгийн дарга нараа сонгоно. Үүний дараа НИТХ дахин хуралдаан зарлаж, намын удирдлагаас санал болгосон хотын даргыг томилох юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг  тогтоосон. Аравдугаар сарын 23-ны өдөр буюу ирэх баасан гарагт  Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлэхээр болсон билээ.

МАН-ын удирдлагуудын зүгээс хотын удирдлага болон ялсан дүүргийн Засаг дарга нараа яаралтай томилж,  ажилдаа шуурхайлан орно гэдгээ тодотгосон. Тиймээс энэ долоо хоногт ийнхүү ажлаа шуурхайлах нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close