Баян-Өлгий аймгийнхан улсын мөнгөөр НАЧИНДАА БАЙР АВЧ ӨГӨХӨӨР ТЕНДЕР ЗАРЛАВ

Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг үгийг Засгийн газрын нэг сайд нь хэлж дуусаагүй байхад нөгөө аймаг нь зарлачихлаа. Гэр бүл, үр хүүхдээ орхин байж, өдөр шөнөгүй ажиллаж, улсдаа татвар төлдөг бид эцсийн дүндээ наадамд барилдаж, цол хүртсэн бөхийг байртай болгохын төлөө л үхэн хатан зүтгэдэг байж. Ядаж байхад нөгөө үндэсний бөх нь зай завсаргүй допингийн хэрүүлтэй. Зарим нь бүр үндэсний бөх бол спорт биш, допинг хүлээн зөвшөөр ч гэж байх шиг. Ёстой тавилан юм даа.

Баян-Өлгий аймгаас 2016 онд 34 жилийн дараа Улсын цолтон төрж байлаа.  Тэр жилийн Улсын их баяр наадмаар Баян-Өлгийн аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тав давж начин цолны болзол хангаж байв. Дараа жил нь Улсын начин Б.Серик улсын цолтны эгнээнд багтаж, нутгийн зон олноо баярлуулсан бол энэ жил Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд тус аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөх Нурланы Мустафа тав давж улсын начин цол хүртсэн нь Өлгийн бөхчүүдийн өнгийг тодорхойлсон.

Манай бусад аймгийнхан нутгаас нь Улсын цолтон “төрөв” үү үгүй юу, 3-4 өрөө байр, 100-200 сая төгрөгийн үнэтэй машинаар байлчихдаг уламжлалтай. Дээрх байг Нутгийн зөвлөл, бөхийн зүтгэлтэн, дэмждэг пүүс компаниуд нь өгдөг  гэх ч цаагуураа хэдийг улсын төсвөөс цус гарган авч буйг ёстой таашгүй.

Баян-Өлгий аймаг бөхчүүдээ байлах тал дээр “ногооноороо”. Ямар сайндаа л гуч гаруй жилийн дараа Улсын цолтон төрөхөд яаж баярлуулахаа мэдэхгүй хэсэгтээ л олны хэл аманд орж, бөхийн заяагаа гомдоох шахсан гэдэг.

Тэгвэл тус аймгийнхан энэ жил өмнөх алдаагаа давтахгүйг хичээж ямартай ч бөхөө байртай болгохыг зорьжээ. Н.Мустафагийн начин цолыг мялаах наадам есдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит Өлгий хотын төв талбайд болох тов гарч, аймгийн Засаг даргын 2020 оны 587 дугаар захирамж гарч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавылаар ахлуулсан бэлтгэл ажил хангах ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Магад энэ мялаалгын үеэр аймгийнхан нь түүнд 2 өрөө байр амласан биз.

Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу https://www.tender.gov.mn сайтад өчигдөр/2020,10,26/ Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендер зарлагдав. Нийт төсөвт өртөг нь 110 сая төгрөг. Үүнийхээ 50 саяыг 2020 онд Баян-Өлгий аймгийн орон  нутгийн өмчийн газраас, 60 сая төгрөгийг 2021 онд гаргахаар тусгажээ.

Инээх ч биш, уйлах ч биш байдалд оруулсан уг тендерийн урилга хэдэн цагийн дараа цахим системээс устсаныг онцлоё.

Гэхдээ бусад аймгууд улсын цолтнуудаа хахаж үхтэл нь байлж, шагнаж байхад Баян-Өлгий аймгийнхан ганц бөхдөө яагаад 2 өрөө байр өгч болохгүй гэж. Нутгийнхаа бөхийг хүнээс дутахааргүй явуулахыг зорьсон нутгийн удирдлагуудын цагаахан хүслийн буруу ч гэж юу байхав.

Харин улсын төсөв хэчнээн их алдагдал хүлээсэн ч уйлдаггүй, өдөр шөнөгүй ажилладаг нэг муу татвар төлөгчийн мөнгө дуусдаггүй, төлсөн татварынхаа хойноос гасалдаггүйд л хамаг учир байгаа юм.

Нүдэн дээр нь өндөр албан тушаалтнууд улсын төсвөөс ил, далдаар тэрбум тэрбумаар хусаж, тэр нь шүүхээр цагаадаж байхад аймгийнхаа нэрийг улс даяар дуурсгасан ганц бөхдөө улсын мөнгөөр байр авч өгөх мэргэн арга Баян-Өлгийхний толгойд нь орох нь арга байж уу дээ.

Ядаж л тэд төсвийг цөлмөдөг араатнуудаас илүү улсаа хайрлаж. Ганц хоёр сая төгрөг ч гэсэн татуу байлгах үүднээс Тендер зарласан байна шүү дээ…

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close