Сайд Г.Ёндонгийн хэгжүүрхсэн ШАР МЭДЭЭ салбарынхаа “гэм”-ийг илчлэв

“Бодвол шар мэдээ л сонирхож ирсэн биз” гэх Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд ёийн хэгжүүрхэл яагаад ч юм хэвлэлийнхнийг үл тоосон, доромжилсон мэт сонсогдсныг нуух юун. Түүний үзлээр бол өөрийнх нь хоёр хүүхэд төрийн байгууллагаар сургалтынхаа төлбөрийг төлүүлсэн нь шар мэдээ аж. Магадгүй тэр өнгөрсөн хугацаанд хэн нэгний нөмөр нөөлгөнд, хэвлэлийнхний хараанаас ангид төрийн өмчийн компанийн хөрөнгөөр шавайгаа ханатал “тоглож” байхдаа хэвлэлийнхнийг гадарлаагүй биз. Гэхдээ “Болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна” хэмээн хээв нэг хэгжүүрхэх  сайдын шар мэдээ салбарынхныгаа хэрхэн доргиож, хөлдөө чирэхийг өдрүүдэд харуулах нь. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ.

Энгийн ард нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг амьжиргаагаа худалдаж, төлдөг бол эрхэмсэг Төрийн үйлдвэрийн газрын дарга нар  нь тэнгэрт тулсан өндөр төлбөртэй хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг компаниараа гаргуулчихдаг энэ “ариун явдлаа” Уул уурхайн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөв болон татвартай ямар ч хамааралгүй байгууллага. Ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага. “Монголросцветмет”-д 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн журам байдаг. Тухайн журамд компани ашигтай ажилласан тохиолдолд удирдлагын түвшинд ажилладаг хүмүүст сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээр заасан. “Монголросцветмет” ТӨҮГ 2019 онд түүхэндээ анх удаа 34,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан” хэмээн зөвтгөсөн.

Баримтаас харахад, сайдын сайрхсан 2019 онд “Монголросцветмет” ТӨҮГ 34 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч 61 тэрбумын өртэй гарчээ.  

Нөгөө талаар Уул уурхайн сайд Г.Ёндонгийн энэ тансаглалыг Эрүүгийн хуулиар хориглочихсон. Эрүүгийн хуулийн 22.9 -д
1.Нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг:
1.1.зориулалтын бусаар зарцуулсан…
2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… гэж заажээ.

Мэдээллийг анхлан дэлгэсэн “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл дээрх хуулийн үндэслэлээр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг АТГ, Нийслэлийн прокурорт гомдол гарган шалгуулахаа мэдэгджээ. Ингэхдээ сайдтай гэрээ хийсэн “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга Б.Мөнхбатыг ч хамт шалгуулах аж.  Учир нь сайд Г.Ёндон тайлбартаа “Энэ бол Монголросцветмет” ТӨҮГ-т үйлчилдэг журам. Сургалтын төлбөрөө хөнгөлүүлсэн хүн нь ганц би биш”  гэсэн нь үүний цаана хэдэн хүн журам нэрийн дор төрийн үйлдвэрээс энэ мэтээр халаасаа зузаатгасан бэ гэдгийг  шалгуулах сэжүүр болж байгаа юм.


Энэ дунд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллаж байхдаа 152,6 сая төгрөгийн хадгаламжтай, сард дунджаар 17 сая төгрөгийн цалинтай байсныг цохъё. 

Ийн  хуулийн байгууллагынхан эрхтэн дархтануудыг шалгаж байх зуур УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ёндон сайдын хүүхдийн сургалтын төлбөрийн кейс бол Төрийн өмчит компаний бие даасан хууль яаралтай гаргаж удирдлага, менежмент, санхүүжилт, зарцуулалт, хяналтыг цэгцлэе гээд яриад буйг нотолж буй нэг л жишээ. Төсөвт оруулалгүй орлого, зарлагаа хяналтгүй зарцуулдагын тод нотолгоо!” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь асуудлыг углуургаар нь буюу хуулийн талаас нь шийдэхээс өөр аргагүйг илтгэв.

Б.Энхбаяр өнгөрсөн хугацаанд яг энэ асуудлаар  “ТӨРИЙН ӨМЧ хэмээн хуульчлахдаа “нийтийн ашиг сонирхол” гэх эрхийн үзэл санааг орхигдуулж ТӨРИЙН ДАРГА-д бүрэн захиран зарцуулах агуулгаар хуулиудаа бичсэнээс доорх НИЙТИЙН ӨМЧ-үүд эзэнгүйдэх, авлигадах үүд хаалга нээгдсэн.
Яагаад ТӨРИЙН ӨМЧ гэх нэршил болохгүй гэдэг нь өөрөө онолын суурьтай. Бүх нийтэд ХАМААТАЙ ЭРХ-ийг ХЭН НЭГЭН мэдэж захиран зарцуулахгүй ээ л гэсэн үг. Ингэснээр тэр хөрөнгө эзэнгүйдчихгүй. Харин ХЭН НЭГЭН тэр хөрөнгийг дураараа захиран зарцуулахгүй талаас нь хуульчилна гэсэн үг.

Байгалийн баялгийг ард түмэнд хүртээх гол суваг нь ХУВЬЦАА. Гэтэл төрийн өмчийн компаний хувьцааг ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧ гэж үздэг хуультай. Юун IPO, юун баялгийн тэгш хувиарлалт, юун ард түмний өмч. Хуулийн рeформ ЗАЙЛШГҮЙ” хэмээн байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Б.Энхбаяр өдгөө хууль санаачлах эрхтэй УИХ-ын гишүүн. Олон нийт ч энэ асуудлыг хуулийн талаас нь шийдвэрлэхийг хүлээж буй. Тэгэхээр Сайдын Шар мэдээний “буянаар” төрд бугшсан нэг асуудал шийдлээ олж магадгүй нь.

Төрийн үйлдвэрийн газруудын энэ мэт идээ бээрийг ил гаргасан Сайдад баярлах ч хаашаа юм.  Гэхдээ ёсзүйн асуудлаа ухамсарлаад, эгэл жирийн ард иргэдээсээ уучлалт гуйгаад сайдын суудлаасаа огцорч, улстөрд шинэ соёлыг тогтоочихвол харин ч нэг баярлана гэдгийг үүгээр уламжилчихъя.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close