Х.Мандахбаяр: ​МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болохгүй

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжцамц ажлаа өгөхтэй зэрэгцээд дараагийн дарга нарын сураг гарч эхэлсэн. Хэвлэл болон цахимаар гурван хүний нэр яригдаж байгаагийн нэг нь МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр. Тэгвэл тэрбээр цахим хуудсаараа дамжуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болохгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухайгаа “Бачимдаад байж сууж чадахгүй байгаа зарим улстөрчдийн гар хөл бологсдод хэдэн үг хэлье. Сэтгүүлчийн ажлаа хэнээр ч заалгахгүй. Шударга ёсны төлөөх тэмцлээс няцахгүй. Уул уурхайг хариуцлагатай болгох, байгаль хамгаалах үйлсээсээ ухрахгүй. Хараат бус сэтгүүлзүйн зарчмаа гээхгүй. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас албан ёсоор татгалзсан. Цаашид үйл ажиллагаанд нь жирийн гишүүний хувьд оролцоод явна. Би чинь 11 хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэсэн медиа группын эзэн хүн шүү дээ.

 Хэвлэлийн мэдээллийн салбараа өнгөтэй өөдтэй болгох, Монголын сэтгүүлзүйг хараат бус байлгахын төлөө өөрийн олж харсан санал санаачилгыг гаргасан. Нийтийн эрх ашгийн төлөө чадах чинээгээрээ зүтгэсэн. Дараа дараачийн удирдлагууд зөв зүйтэй гэж үзвэл үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. “Эрхэт Монгол” медиа групп энэ салбарт зөвийг дэмжиж, бурууд нь ташуур өгч ажиллана. Надад дарга цэрэг болох хүсэл анхнаасаа байсангүй. Эрх мэдэл гэдгийг олон хүнд туслах, зөв зүйл хийх, шударга бус зүйлтэй тэмцэх боломж гэж үздэг. Миний хувьд ойрын өдрүүдэд медиа групптээ ажил ихтэй байна аа. Өөрийн телевизийн ажлыг өөд нь татах гээд юун өөр телевизэд анхаарал хандуулахтай манатай. Төрсөн нутагтаа авьяаслаг залуучуудтайгаа хамтраад “Говь чэлленж” олон өдрийн тэмээн аялал зохион байгуулаад завгүй явна. Хүн ер нь гэр бүл, хамт олон, анд нөхдөдөө заавал цаг зарцуулах ёстой юм байна шүү. Амьдралын жинхэнэ үнэ цэнэ энд л оршиж байна. Би цаашид янз бүрийн шатанд ажиллах байх.

Гэхдээ нутагтаа илүүтэй анхаарал хандуулна. Нэн түрүүнд өмнийн говьд шударга ёс дутагдаж байна. Ш.Даваадорж гэдэг энэ сэтгүүлчийг УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд худалдагдсан, байнга хар пиар, шантааж хийж явдаг хүн гэж олон хүнээс сонсож байсан. Ажнай группын охин компанид ажиллаж байсныг нь мэдэх юм. Сонгуулийн үеэр аймшигтай зүйлд нэр холбогдсон гэж сонссон. Үнэн бололтой. УИХ-ын сонгуулийн үеэр энэ хүн манай нутагт очиж мөн ч их хар мэдээ цацсан даа. Олон ч удаа намайг гүтгэлээ. Одоо болсон. Сонгуулийн үеэр Өмнөговьд очиж ажилласан хоёр сэтгүүлч яагаад амиа алдав. Хэн тэднийг үхэл рүү түлхэв. Үүнийг ярих цаг болсон. Очиж байгаад үнэний эрэлд гарна даа. Өмнөговийн иргэдийн эзэмшиж байсан “Таван толгой” ХК-ийн олон мянган хувьцаа хаачив. Яагаад шүүх, цагдаа дээр иргэдийн гомдол удаа дараа хэрэгсэхгүй болж, хохирсоор байна вэ.

Нөгөө МАНАНд алдагдсан 220 мянган тонн нүүрсний хэрэг юу болов. Аймшигтай том авлига хээл хахуулийн хэрэг үүний ард нуугдаж байгаа гэж олон жил яригдлаа. Ор сураггүй алга болсон 340 мянган тонн нүүрсний хэрэг хэрхэн шийдэгдэв. Таван толгой ХК-ийн удирдлагуудтай холбоотой авлигын хэрэг яагаад нам дарагдав. Үүнийг сурвалжилж явдаггүй юмуу Ш.Даваадоржоо. Намайг олон удаа залилагч, луйварчин гэж цоллолоо. Жинхэнэ луйварчнаас хоол хороож суугаа юм биш биз Та!!! Амар тайван ажлаа хийгээд амьдаръя гэхээр ТА НАР намайг тэмцэлд татаад оруулчих юм даа!!! Шударга ёсны төлөө нэгийгээ үзнэ ээ та нартай!!!” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close