Э.Баттулга: 300 орчим зээртэй сүрэг нийслэлд орж ирсэн, зарим нь бэртэж, гэмтсэн байсан

Өнөөдөр өглөө Нийслэлд зээрийн  сүрэг орж ирсэн талаар бид мэдээлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газар хамтран Налайх Хонхор орчмоор орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргажээ.

Харин Айдсын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг өдгөө Өлзийт, Биогийн чиглэлд байгаа бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгаас тодруулахад “Өнөөдөр өглөө нийслэлд зээрийн хоёр сүрэг орж ирсэн. Нэг сүргийг нь Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргасан бол нөгөө сүргийг нь байгаль хамгаалагчид суурьшлын бүсээс гаргахаар ажиллаж байна. Ер нь нийслэлд жил бүр тодорхой тооны зээрийн сүрэг орж ирдэг. 

Ялангуяа цасан бүрхүүл ихтэй, идэш тэжээл ховордсон жилүүдэд илүү их орж ирдэг. Хэрэв зээрийн сүрэг хотод орж ирвэл хашаанд сүлбүүлэх, золбин нохойд бариулах эрсдэлтэй. Тиймээс Нийслэлийн Байгаль хамгаалах газраас сүрэг орж ирсэн даруйд яаралтай арга хэмжээ авч, эргүүлдэг. Өнөөдрийн орж ирсэн сүрэг өмнө нийслэлд нь орж ирж байсан сүргүүдээс тоо толгойгоороо нэлээд их, 300 орчим бодгальтай байна.  Цөөн тооны зээр бээрсэн, гэмтсэн байсныг байгаль хамгаалагчид хамгаалалтын байрандаа хүргэсэн. Манай байгаль орчны газар “Зэрлэг амьтан асрах байр” байгуулж, тэндээ гэмтэж, бэртсэн зэрлэг амьтдыг асарч, тэнхрүүлэн эргүүлэн байгальд нь тавьдаг” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close