Коронавирусний шинжилгээг сонгогдсон хороодод зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо.

Энэ үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулах аж.

НОК-ын Шуурхай штабаас мэдээлж байгаагаар өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.  Ингэхдээ нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм байна.

Энэ ажлыг ДОК-оос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулах бөгөөд шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох гэнэ. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг НОК-оос анхаарууллаа.

Өөрөөр хэлбэл  дээрх цэгүүдэд орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдэд үйлчлүүлэхгүй аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close