С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг эцэслэхээр зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өглөө эхэлсэн.  Тэдэнд холбогдох хэргийг  нэгтгэх шийдвэр гараад удаагүй байтал өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг тусгаарлаж, улмаар шүүх хурал нь завсарлаж, шүүгчид зөвлөлдөж байна.

Уг нь Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг хамтад нь шалгаж байгаад 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр салгаж хянахаар болсон. Гэвч таван сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм.

Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэг хэмээн тусгаарлажээ. Улмаар С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна. Одоогоор шүүх хурал завсарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Анхан шатны шүүхээс, С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон бол , Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close