Монгол хүүхдүүдийг урлаг, соёл, өв уламжлалаар хүмүүжүүлэх төв байгуулагдлаа

Монгол хүнийг төлөвшүүлэн, тулхтайгаар сайхан амьдрах чадамжтай болгох, боловсролын уламжлалаас сайныг нь хадгалан орчин цагийн хэрэгцээ, шаардлага сорилтод нийцүүлэн хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэх зорилготой “Монголын боловсролын уламжлан шинэчлэгдэх төв” өчигдөр үүдээ нээлээ. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, ахлах анги, их сургуулийн хөтөлбөрт үнэ цэнтэй агуулгыг шингээн, гойд анхаарах хэрэгтэй учраас СЭЗИС болон “Эрхэм баян эрдэм” бүрэн дунд сургууль, “Чадамжид суурилсан шаталсан виртуаль нээлттэй төв” зэрэг байгууллага хамтран энэ төвийг нээж, нэрэмжит танхимтай болгож буй юм.
Нээлтийн ажиллагаанд тус төвийн гүйцэтгэх захирал, СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, Бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, “Багшийн туслах” ХХК-ний захирал Ж.Лхагвасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.
“Монголын боловсролын уламжлан, шинэчлэгдэх” төвийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Монгол хүн сайхан амьдрах суурь нь сургуулийн өмнөх болон бага боловсролыг ёс журамтай болгох, дунд ангид ёс жудагтай, ахлах ангид ёс зүйтэй болгох зарчим дээр суурилна” хэмээн онцоллоо.
Соёлын яамыг төлөөлөн тус төвийн нээлтэд оролцсон Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөх гэж оюун ухаанаа уралдуулж байгаа та бүхэнд баярлалаа. Манай яамны чиглэл гол зорилгод багтаж байгаа соён гэгээрэл, урлагийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, зөв хүн бий болгохыг хамтатган дэмжсэн төвийг нээж байгаад баяр хүргэе. Урлагийн боловсролтой болсноор суурь боловсролдоо илүү шамдаж, маш богино хугацаанд мэдлэг, чадвараа ахиулах хөшүүрэг болдог онцлогтой.
Зөв замаар, нэг чигтэй, нэгдсэн бодлоготой яваа учраас энэ төвийн үйл ажиллагаа Монголын боловсролын системд гүүр болж, дэлхийн өнцөг булан бүрд хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Цаашид энэ төв нь цахимаар сурч буй оюутнуудад холбоо харилцаагаа бэхжүүлэх гүүр болохын зэрэгцээ СЭЗИС-ийн харьяа ахлах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг мэргэжлийн урлагийн байгууллага, музейн тоглолт, үзвэр, соёлын хөтөлбөрт хамруулж, Монголын соёл уламжлал, урлагийн үнэт зүйлийг таниулан сурталчлах үйл ажиллагааг СЭЗИС-ийн нээлттэй интерпренер боловсролын төвийн “Монголын иргэншсэн хүмүүн” хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн чиглэлээр богино, дунд хугацааны алсын зайны сургалт зохион байгуулж соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулж, Монголын соёлын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close