Цэргийн аминд хүрсэн дэслэгчийг өмнө нь халах гэж байсан ч хойшлуулжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Ц.Б тархиндаа авсан гэмтлийн улмаас эрчимт эмчилгээ хийлгэж байгаад уржигдар шөнө ТТАХНЭ-т нас барлаа. Түүнийг болон салааных нь 20 цэргийг дэслэгч Д.Г хэмээх 25 настай залуу согтуудаа дэглэж, байлдагч Ц.Б-ыг зодож хүнд гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дэслэгч Д.Г-ыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хориод буй. Тус ангийн захирагч, хурандаа С.Батболд алба хаагчдаа удирдан хээрийн сургууль, дадлага хийхээр явж, Ар тал, хангалт хариуцсан орлогч нь цөөн хэдэн цэрэгтэй үлдсэн үед энэ явдал болжээ. Бидний авсан мэдээллээр дэслэгч Д.Г өмнө нь нэг бус удаа сахилгын зөрчил гаргасан агаад зэвсэгт хүчнээс халах тушаалын төсөл гуравдугаар сарын эхээр боловсруулаад байсан гэнэ. Гэвч холбогдох байгууллагын албан тушаалтнууд уг төслийг нь буцааж, дахин боловсруулж ирэх үүрэг өгсөн аж. Харамсалтай нь, төсөл дахин боловсруулах албан тушаалтан нь дарга, удирдлагаасаа өгсөн үүргийг биелүүлээгүйгээс уг дэслэгч ангийндаа согтуу танхайрч, эцэстээ хугацаат цэргийн албан хаагч амиа алдахад хүргэлээ. Үүнээс үзэхэд зэвсэгт хүчний зарим анги байгууллагад сахилга, хариуцлага үнэхээр сул байгаа нь илэрхий.

Юутай ч зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдод хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлснөө өчигдөр БХЯ, ЗХЖШ-ынхан хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Улмаар талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгөн тэтгэмж, оршуулгын зардлыг олгохоо мэдэгдэв.

Түүнчлэн ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Хуурай замын цэргийн командлалын удирдах албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд бусад ангид гарсан, цэргүүдээ дэглэсэн асуудлыг хэлэлцэхээр болсныг ч эх сурвалжууд хэллээ.

Ташрамд дурдахад, зэвсэгт хүчний 016 дугаар ангид “Ковид-19”-ийн халдвар тархаж, 30-аад цэргийн албан хаагчийг хот руу шилжүүлэн эмчилж эхэлсэн байна.

Эх сурвалж: Г.Равжаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close