Редакцийн сонголт

ТАМГАГҮЙ НАМЫН БАТЛАМЖИЛСАН О.ЦОГТГЭРЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ХӨДӨЛГӨӨН ДЭЭД ШҮҮХИЙН ГАДАА БОЛНО

АН-ын цаасан дарга хэмээгдсэн О.Цогтгэрэлийг батламжлах ээлжит бус их хурлыг Дүнжингарав зах дээр зохион байгуулсан Ц.Туваан нарын УИх-ын гишүүдийг АН-ын жирийн гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсээр байна. Өчигдөр МҮЭ-ийн Соёлын ордонд Үндэсний бодлогын хорооны 60 гаруйхан гишүүдийн зарласан энэ хуралд орон нутгаас 800 гаруй төлөөлөгч, ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцсон хэмээн тамгагүй дарга Ц.Туваан танилцуулсан нь олон гишүүдийг бухимдуулаад байна. ҮБХ-ны гишүүдийн ярьснаар Ц.Туваан болон Ерөнхийлөгчийг дэмжигч ҮБХ-ны 50 гаруй гишүүдээс бусад нь энэ хурлыг эсэргүүцэж буй аж.

Ковидын хөл хорионы хязгаарлалтын үед Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүдийн хамгаалалт дор хууль дүрэм журмыг үл тоон өчигдрөөс хойш олон хүнийг бөөгнөрүүлэн цуглуулснаас энэ их хуралд оролцогч гэх 9 хүний шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан. Тэдэнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг гэр гэртээ тусгаарлах чиглэл өгчээ. Гэтэл хурлын ирц хүргэх шалтгаанаар тусгаарлагдсан байх ёстой хүмүүс нь өглөө хурал дээр ирсэн явж байсан гэнэ. Хуралд оролцсон хөдөө орон нутгийн төлөөлөл гэх гишүүдийг өдрөөр хөлсөлж мөнгийг нь хурлын дараа өгнө гэсэн яриа тэдний дунд гарчээ. Тиймээс хэдэн төгрөгөө авчих санаатай хүмүүс хорио цээрийн дэглэм, ковидоо мартан хуралд өглөө ирж сандалын тоо бөглөжээ. Ойрын хавьтагч болох олон хүн өнөөдөр энэ хуралд оролцон бусадтайгаа бөөр бөөрөө нийлүүлэн сууж байсан гэнэ.

Ерөнхийлөгч болон УИХ дахь сөрөг хүчний гишүүдийн эрх мэдлээрээ дэндүү далайлган АН-ын цаасан даргыг ямар ч үнээр хамаагүй ёсчлон батламжилахаар улайран энэхүү ээлжит бус их хурлын золиос АН-д ямар үнээр тусахыг таашгүй. Учир нь тамгагүй АН-ын сунгаа гэх хуйвалдаанаар намынхаа дотоод ардчиллыг нухчин дарж байж “цааса”н дарга болгосон О.Цогтгэрэлийг хэсэг бүлэг хүмүүс хичнээн батламжилсан ч АН-ын жирийн олонхииг төлөөлж байгаа гишүүд Дээд шүүх хүртлээ эсэргүүцэхээ илэрхийлээд байна. Тэд ирэх даваа гаригаас Улсын Дээд шүүхэд хандаж, тамгагүй намын цаасан дарга О.Цогтгэрэлийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг үүсгэж шаардлага хүргүүлэхээр ажиллаж эхэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close