Дэлхийн 770 дуучдаас шилдэг 34-т шалгарсан дуучин Э.Очирсайхан “Их Театр”-г зорино

Сүүлийн үед өөрийн шинэ уран бүтээлүүдээрээ олонд танигдаад буй дуучин МУСТА Э.Очирсайхан дэлхийн тайзнаа дэлхийн дуучидтай өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал тэрээр дэлхийн “А” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “Placido Domingo”-ийн нэрэмжит Operalia мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны Финалын шатанд тэнцсэн байна.

Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор Дэлхийн 21 орны уран бүтээлчид эрхээ авсан ба тэдний нэгээр дуучин Э.Очирсайхан тодорчээ.

Монголын маань олон уран бүтээлчид сонгодог урлагийн салбарт хүч үзэн, амжилт гаргасаар ирсэн. Харин энэ удаад сонгодог урлаг, тэр дундаа мэргэжлийн дуурийн дуулаачдын шинэ, залуу, залгамж халаа Э.Очирсайханы маань хоолой дэлхийн “Их Театр” буюу “Большой” театрын тайзнаа эгшиглэх нь.

Тэрээр “Би энэхүү дэлхийн тайзан дээр эцгийнхээ хайрласан нэрээр бус эх орныхоо нэрээр дуудуулж гарна. Иймээс надаас 100% биш 200%-н хөдөлмөр гарах ёстой. Үүний тулд л өнөөдрөөс өөр өдөр байхгүй юм шиг л зүтгэж явна даа” хэмээжээ.

Ирэх 10-р сард Москва хотыг зорихоор болсон Э.Очирсайхандаа амжилтын дээдийг хүсье. Бид хамтдаа дэмжих болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close