“Эерэг Монгол – 2021” чуулган амжилттай зохион байгуулагдаж байна

Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Эерэг Монгол” чуулганыг JCI Монгол байгууллагын JCI Централ салбар байгууллага 2019 оноос санаачлан жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн билээ. 2019 онд анх зохион байгуулагдахдаа тухайн үеийн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын байгууллага, төсөл хөтөлбөрүүд болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг нэг дор цуглуулж үйл ажиллагааны чиглэлээр нь хооронд нь холбож өгч байсан түүхтэй. 

Энэ жилийн “Эерэг Монгол 2021” Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” гэсэн уриан дор 9-р сарын 20, 23, 27-ны өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж байгаа нь чуулганы цар хүрээ болон ач холбогдол нь жилээс жилд өргөжин тэлж буйн илрэл гэж JCI Монгол байгууллагаас дүгнэж байна. 

Учир нь энэ жилийн чуулган зохион байгуулах хорооноос тэгш оролцоог хангах гэсэн зорилт тавьсан бөгөөд уг зорилтынхоо хүрээнд анх удаа Төрийн байгууллага, Олон улсын байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод болон Ажил олгогчдын төлөөллийг чуулганд хамруулж чадсан юм.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” гэсэн багц сэдвүүдийг хөндөж буй цуврал хэлэлцүүлэг хуралдаанд биетээр болон цахимаар давхардсан тоогоор нийт 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, JCI Монгол байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Баярмагнай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бангкок дахь бүсийн товчооны Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкафф, JCI Централ салбар байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Тэлмэн болон бусад холбогдох яам, төрийн байгууллага, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүндтэй зочид төлөөлөгчид мөн оролцож байна. 

Энэ жилийн чуулганы гол зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэнд тулгарч буй гол асуудал бэрхшээлийг тодорхойлох түүнийг даван туулахад нөлөөлөхүйц санал зөвлөмжүүдийг нэгтгэн гаргаж МУ-ын Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд танилцуулах юм. 

JCI Монгол байгууллагын хувьд нийгэмрүү чиглэсэн аливаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж чаддаг, энэ утгаараа Эерэг Монгол 2021 чуулганыг өндөр зохион байгуулалттай зохион байгуулж байгаад чуулганд оролцогч талууд талархал илрэхийлж байна.

Чуулган үргэлжилж байна.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close