Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021 оны 9 дүгээр сарын 27/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна.

Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ.

Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Зээлийн өсөлт: Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа хэдий ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.

Төлбөрийн тэнцэл: Гадаад, дотоод эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close