Танхим нэртэй 60 гаруй ТББ байгууллага байгаа ч аль нь хувийн хэвшлээ бүрэн төлөөлөх нь тодорхойгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.04/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
2. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Бизнесийн байгууллагуудын өнөөгийн шаардлага, эрх ашгийг бүрэн хамгаалж чаддаггүй. Танхим нэртэй 60 гаруй ТББ байгууллага байгаа ч яг аль нь хувийн хэвшлээ бүрэн төлөөлөх нь тодорхойгүй гэх мэт олон асуудалтай. Цар тахлын дараа эдийн засгийн супер цикл эхлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орж бэлэн байх шаардлагатай. Тиймээс шинэ нөхцөлд тохируулан хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдгийг хууль санаачлагч хэлэв. Гишүүд дараахь байдлаар санал хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат
-Хувийн хэвшил, хувиараа аж ахуй эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл Танхимд ямар оролцоотой байхаар төсөлд тусгасан бэ. Зөв лобби хийх боломж бүрдэх үү. Нийгэмд тулгамдаад байгаа зарим асуудлыг зөв олж харж тусгаж чадсан байна. Гэхдээ хэдхэн том компанийн бус гарааны бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч нарын төлөөлөл, оролцоог илүү нэмэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
-Худалдаа аж үйлдвэрийн танхим илүү мэргэжлийн болж өөрчлөгдөх юм байна. Гэхдээ хэт төвлөрсөн болчих юм биш үү. Мэргэжлийн холбоодтой зөрчилдөх үү.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
– Ардчилсан нам, МАН зарчмын хувьд хоёр өөр үзэл баримтлалтай. Бид аль болох компани, хувийн хэвшлээ дэмжих замаар төрийн оролцоог багасгаж эдийн засгаа компаниудад түшиглээд хөгжүүлэх чиглэл барьдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөг боох, төрийн бус байгууллагуудын оролцоог хязгаарлах тухай заалт байна. Танхимын хуулийг өөрчлөх цаг болсон. Мэргэжлийн холбоод замбараагүй болсон нь үнэн, цөөлөх нь зөв. Гэхдээ хувийн хэвшлийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг, хүчээр шийдэх, үндсэн эрхэд нь халдах хандлага байх шиг анзаарагдлаа. Хуулийн төсөлд төрийн аль эрх үүргийг, ямар замаар танхимд шилжүүлэх талаар зохицуулалт орсон уу.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
-Энэ асуудлыг хөндөж байгаа нь зөв. Хууль санаачлахын төлөө биш үр дүнтэй сайн хууль болгохын төлөө цаашид ажиллаарай. Мэргэжлийн холбоодыг цөөлнө гэж ярьж байна. Энэ яг өнөөдрийн тулгамдсан асуудал мөн үү. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, төрөөс олгодог зөвшөөрлийг хувьд шилжүүлэх асуудал нэн чухал байна. Үүнийг эхэлж ярьвал зөв байлаа. Мөн хувийн хэвшлээ дэмждэг, хувийн өмчийг эрх чөлөө гэж үздэг Ардчилсан намын гишүүдээс хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллуулж, санал бодлыг нь тусгаж байхыг зөвлөе гэв.
Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гишүүд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадны хөрөнгө оруулалт гэдэг том компаниудын хувьд нээлттэй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоолны газар лангууны бизнес эрхлэгчид ч гаднын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгөх шаардлагатай тухай хууль санал хэлж, мэтгэлцээн өрнүүллээ. Нэмж мэдээлэхэд, Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг улс орнуудын бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаарх судалгаагаар Монгол Улс 2016 онд 56-д эрэмбэлэгдэж байсан бол сүүлийн таван жилд энэ үзүүлэлт ухарч 81-д жагсаж байна. Энэ нь 25 байр ухарсан үзүүлэлт бөгөөд 2016 онд 282 гаднын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 79 болж буурчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close