Чингэлэгт тээврийн терминалын ажиллагааг хувийн хэвшлүүд хариуцна

Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол 2021 оны долдугаар сард гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан.

Энэ хүрээнд хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэг тээврийн терминал байгуулах ажил эхэлж, төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн. Гашуунсухайтын боомт дахь чингэлэг тээврийн терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Харин өчигдөр “Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцан ажиллахаар болж байна.

Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8-10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гараад буй.

Эх сурвалж: УУХҮЯ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close