МАН: УИХ-ын 42-р тойрогт нѳхѳн сонгууль явуулна гэж байр сууриа нэгтгэсэн


МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд хориг тавиад байгаа билээ. Тэгвэл тус хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзжээ.   Мөн ҮХЦ-ийн гишүүн н.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүний орны хүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангийн нэрийг санал болгож улмаар бүлэг дэмжсэн байна.

Түүнчлэн МАН-ын бүлгээр Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцжээ. Ажлын хэсгээс гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах боломжгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгууль, Нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгууль тус бүрдээ өөр өөр хуулиар сонгуулиа явуулах өөрчлөлт хийхээр болсон байна. Ингэхдээ Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрчээ. Иргэд санал өгөхдөө 76 хүнийг дугуйлахгүй, нэг л хүнийг дугуйлна. 700 хүн нэр дэвшинэ гэж тооцоход хамгийн олон санал авсан 76 хүн сонгогдох аж. Гэхдээ ажлын хэсэг хуулиа хараахан эцэслээгүй байгаа гэнэ.

Мөн МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бүлэг хэлэлцээгүй байгаа аж. Гэхдээ “Бүлэг УИХ-ын 42-р тойрогт нѳхѳн сонгууль явуулна гэж байр сууриа нэгтгэсэн. Энэ байр сууриа хадгалах болов уу” хэмээн бүлгийн дарга Т.Тогтохсүрэн мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна