"Монголросцветмет” ТӨҮГ–ын захирал Б.Мөнхбатын цалин хэд вэ?


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Их мөнгөтэй төрийн өмчит компаниудын дарга, удирдлагуудын цалин хангамжтай холбоотой асуудал тасралтгүй гарах юм. Цалингийн талаарх мэдээллийг тодорхой хэлж өгөөч. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага 4.7 тэрбум төгрөгөөр хамгийн өндөр үнэтэй хотхонд пентхаус  худалдаж авсан тухай мэдээлэл гарлаа. Энэ төрлийн мэдээлэлд цаг тухайд нь хариултыг нь өгч баймаар байна” гэх асуултын хариуд "Монголросцветмет” ТӨҮГ–ын захирал Б.Мөнхбат өөрийнхөө цалингийнхаа талаар болон компанийнхаа талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай.

Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий. Компанийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгье. “Монголросцветмет” ТӨҮГ 2012 оны жилийн эцсээр 18.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2013 оноос хойш жил дараалан алдагдалтай ажилласан. Тухайлбал 2013 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн, 2014 онд 10.6 тэрбум төгрөгийн, 2015 онд 19.4 тэрбум төгрөгийн, 2016 онд 33.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 17.6 тэрбум төгрөгийн, 2018 онд 11.3 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хуримтлагдсан алдагдлыг 1.1 тэрбум болгож бууруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөгийн ашигтай байна” гэсэн байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна