Ж.ГАН-ЭРДЭНЭ: ШУУД ЗАСАЛТЫН ШИЛЭН ТЕХНОЛОГИОР ШАЛГУУЛАГЧ ДҮНГЭЭ 20-30 МИНУТЫН ДОТОР ХАРАХ БОЛОМЖТОЙ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол улсын түүх, физикийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ удаагийн ЭЕШ-ыг Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа шууд засалтын шилэн технологийг орон даяар нэвтрүүлснээрээ онцлог болж байна. Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэ технологийг Монголд анх удаа нэвтэрүүлснээр шалгалттай холбоотой гардаг маргаан, эргэлзээнд нэг мөр цэг тавина гэдэгт боловсролын салбарыхан итгэлтэй байна.   Учир нь өмнөх жилүүдэд ЭЕШ-ийн дүнг багадаа 10 хоногийн дараа гардаг байсан. Олон хоногийн дараа гарсан дүнд багш, сурагчид болоод эцэг эхчүүд эргэлзэж, буруу зассан, шалгалтын материал задарсан зэрэг асуудлууд үүсдэг байсан бол энэ жилээс шууд засалтын технологийн үр дүнгээр 20-30 минутын дотор дүнгээ харах боломж бүрдэж байна. Өнөөдөр өглөө орон даяар эхэлсэн ЭЕШ-ын материалыг шилэн технологиор шууд засах үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23-р дунд сургууль дээр танилцууллаа. Шалгалт өгсөн хүүхдүүдийн шалгалтын материалыг шууд засалтын машинаар газар дээр нь уншуулаад,  дүн оноог арын дэлгэцэнд үзүүлсэн юм. Энэ жилийн хувьд 18 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн төлөвтэй байгаа аж. Өнөөдөр 734 сурагч Монгол Улсын Түүхийн хичээлийн шалгалтыг өгчээ.

 Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

ШАЛГУУЛАГЧ ЭЕШ-ЫН ДҮНГЭЭ 20-30 МИНУТЫН ДОТОР ХАРАХ БОЛОМЖТОЙ

  • Энэ жил орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын шилэн технологи нэвтэрч байна. Шинэ технологи нэвтэрсэний ач холбогдол?
  • Энэ жил ЭЕШ-д 18 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Улсын хэмжээнд 32 төв дээр шалгалт өгнө. Төв болгон дээр шууд засалтын шилэн технологийн хоёр машин суурилуулсан. Машиныг мэдээллийн технологийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд уншуулж, дэлгэцнээс шууд дүнгээ харах боломжтой. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын дүн 14 хоногийн дараа гардаг байсан. Шалгуулагчид энэ хугацаанд шалгалтын дүнд итгэх итгэл буурдаг. Нөгөө талаар жилд 10 гаруй мянган шалгуулагч аймгийн төвдөө очиж, хоёр удаа шалгалт өгдөг байсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс өнөөдөр шалгалтаа өгөөд дүнгээ шууд хараад, маргааш нь сургуулийнхаа хуваарийг сонгодог байхаар зохицуулалт хийж байна. Энэ нь аль аль талдаа цаг хугацаа хэмнэхээс гадна хамгийн гол нь шалгуулагчийн итгэл үнэмшилийг бататгах, дээшлүүлэх ач холбогдолтой. Өөрийнхөө дүнг яаж засч байгааг, хэдэн оноо авснаа шууд харахаас гадна өөрөө хяналт тавих эрхийг нь олгож байгаагаарай давуу талтай.
  • Ямар хүмүүс энэ технологи дээр ажиллаж байгаа вэ?
  • Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш нар шууд засалтын шилэн технологи дээр ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн сургалтаа зохион байгуулсан. Ингэхдээ 50 гаруй шалгалтын төв дээр ажиллах 100 гаруй багш нарыг бэлтгэсэн. Энэ жилийн хувьд 32 төв дээр 64 багшийг ажиллаж байна.
  • Өмнө нь энэ технологийг туршиж үзсэн үү?
  • Өнгөрсөн онд энэ технологийг Ховд, Орхон аймагт хэрэгжүүлсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гараагүй.
  • Шалгуулагчид ЭЕШ өгөхдөө ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
  • Юуны түрүүнд шалгуулагчдад хоцрохгүй ирээрэй гэдгийг байнга анхааруулж байгаа. Учир нь жил бүр шалгуулагчид хоцрох тохиолдол цөөнгүй гардаг. Өнөөдөр ч гэсэн хоцорсон шалгуулагч байна. Тиймээс шалгалт өгөх төв дээрээ нэг цагийн өмнө ирсэн байхыг анхааруулж байгаа. Мөн шалгалтанд орохдоо гар утас, тооны машин, ном зэргийг авч орохыг хориглодог. Хэрвээ авч орсон байвал шалгалтын материал хүчингүй болно.
  • Шалгалт өгөхдөө тэмдэглэгээг балаар хийх үү, үзгээр хийх үү?
  • Энэ жил шууд засалтын технологи нэвтрүүлсэнтэй холбоотойгоор шалгуулагчийг анги танхим руу ямар нэгэн бичиж тэмдэглэх зүйлгүй оруулж байгаа. Өөрөөр хэлбэл бид шалгуулагчдад харандаа, баллуур, үзүүлэгч гурвыг тавьж өгч байгаа. Учир нь тус технологийн машин маань зөвхөн харандаа уншдаг. Хэрэв ямар нэгэн үзэг, балаар тэмдэглэгээ хийвэл хүчингүйд тооцдог. Тиймээс шалгуулагчдад ямар нэгэн бичиж тэмдэглэх зүйлгүй ирэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр:

ШИЛЭН ТЕХНОЛОГИ ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ, ЭРГЭЛЗЭЭ, МАРГААНЫГ ЗОГСООЖ БАЙНА

  • Өнөөдрөөс эхлэн ЭЕШ эхэлж байна. Улсын хэмжээнд нийт 18130 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчдын 80 орчим хувь нь энэ жилийн төгсөгчид. Үлдсэн 20 хувь нь шалгалтанд орж амжаагүй, хоцорсон, хангалттай оноо авч чадаагүй шалгуулагчид байгаа. Өнөөдөр 09 цагаас Монголын түүх, 12 цагаас Физик, маргааш Хими, Газарзүй, Англи хэл, нөгөөдөр биологи, математик зэрэг хуваарийн дагуу шалгалтууд явагдана. Өнгөрсөн жил энэ технологийг нэлээд туршсан.Ингээд манай улсад хамгийн сайн тохирох Америк текнологи байна үзээд нэг тэрбум орчим төгрөгөөр худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр 67 машин авсан. Энэ жилийн тухайд  улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 22 төв дээр шалгалтын материал засах үйл явцыг шууд явуулж байна. Энэ технологи нэлээд цаг хугацаа хэмнэж байна, эргэлзээ, маргааныг таслаж байна. 14 хоногийн дараа дүнгээ сонсдог байсан өнгөрсөн жилүүдэд  шалгалтанд нөлөөлсөн, оноо дарсан гэх мэт гомдолууд эцэг эхчүүдээс байнга ирдэг байсан. Харин энэ жилээс ийнхүү газар дээр нь шууд засч байгаа нь шалгуулагчдад ч,  шалгаж байгаа багш нарт ч  эргэлзэх зүйлгүй болж байна. Боловсролын яам цаашдаа боловсролын салбарт ухаалаг систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал ЕБС-иудад ухаалаг сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвөж байна. Мөн сурах бичгийг заавал цаасан хэлбэрээр биш онлайн болгохоор зорьж байна.

23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатар:

ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА НЬ ЦАГ ҮЕЭ ОЛСОН ШИЙДВЭР

  • 2018-2019 хичээлийн жилийн ЭЕШ-ийн эхний шалгалтууд явагдлаа. Шууд засалтын шилэн технологи маш олон давуу талтай гэдэг нь харагдлаа. Маш бошгино хугацаанд өөрийнхөө шалгалтын материалыг шалгуулж байгаа нь ил тод нээлттэй боллоо гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд шалгуулагчид дүнтэйгээ 14 хоногийн дараа танилцдаг байсан. Бодит үнэлгээтэйгээ ийм хугацааны дараа танилцсан шалгуулагчдад эргэлзэх зүйл их гардаг байсан бол энэ жил шалгалтаа өгчихөөд тэр дор нь танхимд орж материалаа уншуулаад дэлгэцнээс дүнгээ харчихаж байгаа нь мэдээллийн эрэн зуунд хөл нийлүүлэн ажиллаж байгаагийн илрэл болж байна. Ялангуяа боловсролын салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлж байгаа нь гарцаагүй цаг үеэ олсон шийдвэр. Өнгөрсөн жилүүдэд сэдэв задарсан талаарх гомдол эцэг эхчүүдээс ирдэг байсан. Харин энэ жилийн хувьд шалгуулагчийн үнэлгээтэй холбоотой гомдол үнэхээр байхгүй байна. Маш сайн судалгаа хийж, гарч байсан эрсдэлүүдийг маш нарийн тооцсоны үр дүн гарч байна гэж бодож байна.

 

Шалгуулагч Т.Мөнх-Эрдэнэ:

ОНООГОО ШУУД ХАРЧИХАЖ БАЙГАА НЬ ИХ АМАР САНАГДЛАА.

  • ЭЕШ-ыг хоёр дахь удаагаа өгч байна. Нийт таван жилээр шалгалт өгөхөөр өнгөрсөн жилээс эхлэн бэлдсэн. Монголын түүхийн энэ жилийн шалгалт өнгөрсөн жилийнхээс арай амархан байлаа. Өөрийнхөө хэмжээнд оноо авчихлаа. Шалгалтын материалаа шууд уншуулаад оноогоо шууд харчихаж байгаа нь их амар санагдлаа.

Шалгуулагч Э.Эрдэнэчимэг:

БҮХ ЗҮЙЛ ОЙЛГОМЖТОЙ, ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙ БОЛСОН БАЙНА

  • ЭЕШ-ын дүнгээ шууд харчихаж байгаа нь их амар санагдлаа. Өнгөрсөн жил гэхэд бараг наадам хүртэл үргэлжилдэг байсан. Харин энэ жил шалгалт өглөө, дүнгээ харлаа. Бүх зүйл ойлгомжтой, эргэлзэх зүйлгүй болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close