УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх асуудалд АН-ын зөвлөл оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд хурлыг орхиж гарлаа. Бид ёс зүйгүй УИХ "эцэг хууль" буюу Үндсэн хуульд гар хүрэх эрх зүйн болоод ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. УИХ-д 64 суудалтай МАН-ын 50 гаруй гишүүн хэрэг зөрчилд ямар нэгэн байдлаар холбогдсон. Үүнийг хуулийн байгууллага тодорхой шалгаагүй өдийг хүрлээ. Нотлох баримтууд нь ил тод байгаа. Жишээлбэл, ЖДҮ-г өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компанид олгож, зориулалтын бусаар ашигласан. Хоёрдугаарт, төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нам Үндсэн хуульд гар хүрэх ёсгүй. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг авсан гэдгээ МАН өөрсдээ хүлээн зөвшөөрсөн. Иймд тус нам татан буугдах ёстой. Мөн хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Өргөн барьсан хууль нь өөрөө процедурын алдаатай. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс санал авах ёстой ч аваагүй байна. Мөн ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой ч УИХ-аар нэмэлт өөрчлөлтийн асуудлыг эхлүүлчихээд дараа нь ард түмнээс санал авна гэдэг нь ард түмнийг дахин хууран мэхлэх гэсэн оролдлого. Түүнчлэн жендерийн эрхийг ноцтой зөрчиж байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулиар 55 настай эмэгтэйчүүд тэтгэвэрт гардаг. Ингэснээр 55 нас хүрсэн эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй байхаар оруулсан байна. Өөрөөр хэлбэл, жендерийн эрхийг ноцтой зөрчиж, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байна. Шүүх эрх мэдлийн хараат бус байх зохицуулалтад халдсан заалт оруулсан байна. Ерөнхийлөгчийн томилдог шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагын томилгоог эрх баригч нам булаан авах гэж байна. Тэр байгууллагуудын халдашгүй эрхэд халдаж байна. Тиймээс АН байж болох бүхий л улс төрийн акцийг хийнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна