МАН цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Сүүлийн 2 сар орчим АН улстөрийн ёсзүйгүй, увайгүй үйлдлийг их гаргаж байна. АН цөөхөн хэдэн хулгайч, авлигачдын өмгөөлдөг нам болсонд харамсаж байна.
Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Тухайлбал Худалдаа хөгжил, Улаанбаатар банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хуулийн байгууллага шалгаж, хорьж буй. Түүний энэ банкнаас хамааралтай, улстөрийн нам, улстөрчид амиа тавьж, эцэст нь харагдсан болгон руугаа дайрч байна. Тойрог горилсон хэдэн нөхдүүдээр жагсаал цуглаан хийлгэж байна. Ингэхдээ тэд хэдхэн яамыг тэд онилж байна.
ЭМЯ- дэд сайдаар хэд хэдэн удаа ажилласан Н.Амарсанаад яамыг өөрчлөх, зөв бодлогоор удирдах эрхийг нь нам нь ард түмэн хангалттай өгсөн. Гэвч хувийн ашиг сонирхолтой, хувьдаа эмнэлэгтэй энэ нөхрийг хэдэн зуун саяын тендер авснаас төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь хэлчихсэн. Ийм л нөхөр эрүүл, шударга хүн болох гэж салбагнаж явна.
Гадаад харилцааны яам руу бас их дайрч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр яам хэд хэлэн дипломатыг эгүүлэн татаж байгаа юм байна. Ц.Элбэгдоржийн томилсон, хууль бус үйлдэлүүдийг хийдэг сүлжээг таслан зогсоож байгаа үйл хэрэг гэж бид үзэж байгаа. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон дипломатын сүлжээ нурж унаж байна. Ийм учраас түүний зөвлөх байсан хүн жагсаал цуглаанд ирж, даргынхаа төлөө үйлчилж явна.
МАН сөрөг хүчин байхаас эхлээд Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлалын талаар Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэрэгт гэм зэмгүй хүмүүсийг гэрээс нь баривчилж, хэрэгтэн болгосон. Гэмгүй иргэдийг суллаж, шударга ёсыг тогтоох гэсний төлөө сайд руу бүх байдгаараа дайрч байна.
Саяхан нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэд хэдэн газрын эзэмших эрхийг нь цуцалсан. Цаашдаа МАН Улаанбаатар хотод хууль бусаар олгосон газруудад анхаарал тавина. Мөн гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чаддагүй АН-ын дарга С.Эрдэнийн нэр дээр байгаа хэд хэдэн газрыг бид анхааралдаа авна. Хандгайт, Найрамдалд байгаа газрууд, Хүүхдийн паркын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байшин барина гэж газар аваад хувьдаа Шонхор гэдэг барилга барьж охиндоо өгсөн асуудлыг шалгуулахын төлөө бид ажиллана. Цаашлаад Дубайн гэрээ, Багануурын уурхайн будилаан зэрэг асуудлыг анхааралдаа авна. Тиймээс МУ-ын ардчиллын төлөө зүтгэдэг АН-ын гишүүдэд хэдхэн хүнийг дарга болгохын төлөө, тойрог авч өгөхийн төлөө жагсаал зохион байгуулахгүй байхыг уриалж байна.
Бидний авсан мэдээллээр АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулж байгаа юм билээ. Харамсалтай нь жагсаалд нь очих хүнгүй хүнд байгаа юм билээ. Энэ байдлаа зогсоохыг шаардаж байна. Хулгайчид, луйварчид Засгийн газар руу орилж байгаа байдлыг бид хатуу эсэргүүцнэ. МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж, дэмжинэ ажиллана” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна