Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “"Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулийн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй. Би 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаад УИХ-ын гишүүдийн олонхи нь зөвшөөрвөл өгч болно гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “цаг хугацаа байхгүй байсан” гэдэг шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлээд өгсөн. Тухайн үеийн төр барьж байсан одоогийн манай гурван даргатай адилхан, тухайн үеийн УИХ-ын даргад, тухайн үеийн АН-ын даргад огт мэдэгдэлгүйгээр нуугаад, сонгуулиас нэг хоногийн өмнө өгчихсөнийг би олон улсын сэтгүүлээс олж үзээд, “Ч.Сайханбилэг ээ, чи наадахаа тайлбарла” гэж байсан. Тиймээс "Эрдэнэт"-тэй холбоотой ямар нэг асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй” хэмээн мэдэгдсээр ирсэн.
Яагаад ч юм хүмүүс түүний үгэнд итгээгүй, итгэдэг ч үгүй. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга гээд улс төрийн хамаг л том албан тушаалуудыг цуглуулсан түүний “нүднээс” ийм том хэмжээний асуудлыг тас нууна гэдэгт хэн л итгэв гэж. Ялангуяа тойрон хүрээлэгчид нь, намынх журмын нөхөд нь “ажиллагааны гол хүмүүсийн нэг” гэж мэдэгдсээр байгаа энэ цаг үед. Харин түүнд мэдээгүй гэж “гүрийх” ямар шалтгаан байв. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, худалдаж авахад оролцсон, дэмжсэн хүмүүс шийтгэлээ хүлээж эхэлсэн. Нэгэн цагт “Монголын эзэн” байсан, тус ажиллагааны “гол дүр” Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Сахал Д.Эрдэнэбилэг сар хоригдож, энэ долоо хоногт хилийн хоригтойгоор батлан даалтад гарсан. Түүний хөрөнгө өдрөөс өдөрт цөөрч буй. Үнэнч нөхөд болох О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарт АТГ-аас хэрэг үүсгэж, прокурор шүүхэд шилжүүлсэн. Магад эрхэм Зи аавын хаалга татахаас айсан уу, эсвэл...
Ардчилсан намд томхон тулаан өрнөсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Нэр хүнд, рейтинг, намын гишүүд гээд багагүй хохирол амсаж буй энэ тулаанд Ван, Же талынхан үзэлцсээр л байгаа. “Ноён”-ны талынхан МАНАН, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаас болж нэр хүндээ шороотой хутгачихсан. Харин Же-гийн үнэнч туслах Зи-гийн хувьд таагүй асуудалд орооцолдохоос цэрвэсэн үү ямартай ч “мэдээгүй” гэж гүрийсээр. Тэр ч бүү хэл худлаа ярьвал хуультай нүүр тулдаг АТГ-т хүртэл өнөөдөр мэдээгүй гээд мэлзчихэв.
Арга ч үгүй биз. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог. ЕТГ-ын дарга томилгоонд их багаар гар бие оролцдог нь лавтай. Тэгэхээр өөрийн хүндээ өчигөө өгчихөв үү дээ.
Ямартай ч түүнийг Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдэж байсан хэмээн мэдэгдэж байсан хүмүүсийг яриаг эргэн сөхье.
Нийслэлийн АН-ын дарга Д.БАТТУЛГА:
- “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг Монгол Улсад оруулж ирэхэд З.Энхболд УИХ-ын болон тухайн үед төрийн эрх барьж байсан АН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үед дэмжихийн дээдээр дэмжиж байсан хүн нь З.Энхболд өөрөө юм. Тэгэхээр энд зориуд нэг зүйлийг дуулгах хэрэгтэй болно. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн санал хураахаас нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг ойлгомжгүй товчхон мэдэгдэл хийсэн. Тэр үед би нийслэлийн сонгуулийн штабыг удирдаж, Д.Дорлигжав төв намаас сонгуулийн удирдлагад оролцохоор ирж байсан ийм цаг үе. Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн араас МАН-аас АН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийг хуваагаад идлээ гэх пиарыг зогсоо зайгүй хийлээ. Манай пиарын баг АН-ын дарга, удирдлагууд тодорхой хэмжээний мэдэгдэл хийхгүй бол сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч хэлж байсан. Уг нь бид нар урьд өмнө “60 тэрбум”-ын асуудлаар пиар хийж, нийгмийн хандлагыг эргүүлчихсэн байсан. Гэтэл Ерөнхий сайдын ойлгомжгүй мэдээлэл нь эерэг явж байсан нөхцөл байдлыг өөр тийш эргүүлсэн. Тэр үед Д.Дорлигжав З.Энхболдтой уулзаж мэдэгдэл хийхийг шаардаад ирэхдээ нэлээд гайхсан царайтай “З.Энхболд Ч.Сайханбилэгтэй хамт сууж байна. Би Эрдэнэтийн асуудлаа яах юм гэж асуухад З.Энхболд ОХУ-д байсан 49 хувийг оруулж ирж байгаа нь маш зөв гэчихээд ямар нэг мэдэгдэл хийхгүй шинжтэй байна" гэж ирсэн. Энэ үед АН ард түмэнд зөв талаас нь мэдээлэл өгсөн бол сонгуулийн үр дүн арай өөр гарах байсан гэж боддог. Гэтэл АН-ын болон УИХ-ын дарга байсан хүн дэмжиж байсан хэрнээ ямар ч мэдэгдэл хийгээгүй. Одоо болохоор “Би ерөөсөө мэдээгүй. Надад мэдэгдээгүй, хулгай хийсэн нөхдөө зайлуул” гэх мэтээр ярьж байгаа нь гайхмаар юм. Ингэж олон түмнээс оноо авах гэж худлаа ярих хэрэггүй. Үнэн юм үнэнээрээ сайхан.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ:
-Олонхийн шийдлээр нууцаар хэлэлцсэн. Ер нь бол төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Би үүнийг худлаа гэж бодож байна. Ганц Ерөнхий сайд нь мэдээд яагаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр нь мэдэхгүй байдаг юм бэ, би бол итгэхгүй. Би зарчим, бодлого хоёр дээр байдаг хүн. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг оруулж ирсэн гэдэгт би бат итгэлтэй байна. Оросын талаас санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл огт биш. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Тухайн үеийн Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Яагаад гэвэл өнөөдөр хүн бүхэн "Эрдэнэт" үйлдвэрийг харж байна. Өнөөдөр энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсныг хэн ч буруутгаж чадахгүй гэдгийг би ойлгож байна. Гагцхүү цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш, эдийн засгийн хэлээр ажиллаасай гэж хүсч байна.
Ерөнхий сайд асан Ч.САЙХАНБИЛЭГ:
- Дижитал ертөнц хөгжиж байна. Тэр үед хэн юу хэлж байсан нь интернэт, сонин, зурагтаар гардаг болсон цаг. Тухайн үед Монголиан копер компанийханд нэг зүйл хэлсэн. Ерөнхий сайдын хувьд надад танилцууллаа, ойлголоо. Одоо энэ асуудлаа Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуул гэсэн. Тэд дараа нь надтай уулзахдаа танилцууллаа гэж хэлсэн.
Ерөнхий прокурор асан Д.ДОРЛИГЖАВ:
- 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр болоход долоохон хоног дутуу байхад Энхболд намайг сонгуулийн штаб удирдаад өгөөч гэсэн. Долоо хоног дутуу байхад би очиж ажлыг нь авсан. Ингэж явсаар маргааш нь сонгуулийн сурталчилгаа хаана гэж байхад гэнэт "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын компаниуд авлаа. Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. Сонгуулийн штабын залуучууд маань ийм зүйл бариад ороод ирэхээр нь би Сайханбилэг Ерөнхий сайд руу ярьсан. Юу болов, та нар юу хийгээд байгаа юм бэ гэж асуутал Сайханбилэг намын даргатай ярь гэсэн. Гэтэл З.Энхболд "Монгол хүн аваа л биз. Сайн л биз дээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна