П.Ганхүү: Монголчууд дугуйн спортод амжилт гаргах боломж, ирээдүй бий

 

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн тэмцээн нь Монголын дугуйн холбоо үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж буйгаараа онцлог юм. Улсын чанартай хамгийн том уралдаанд 10 гаруй клубын 60 орчим мэргэжлийн тамирчин 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорих юм.

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү тэмцээнийг нээж  үг хэлэхдээ “Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаанд нийт 10 гаруй клубын 60 гаруй мэргэжлийн тамирчин оролцож, 150 километр зайд өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн Монголын дугуйн холбоо байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж байгаа учир илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Хамгийн чухал нь ирэх 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байна. Манай улсын дугуйн тамирчид 1992 оны Барселоны наадмаас хойш олимпод оролцож чадаагүй. Тиймээс бид олимпийн эрх цуглуулах цуврал тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, тодорхой амжилт үзүүлэхээр зорьж, энэ хүрээнд Украины баг болон Францын багтай тамирчид маань бэлтгэл хийж байгаа”-г онцолсон. Мөн зөвхөн мэргэжлийн спортын талаасаа гэлтгүй Улаанбаатар хотын захиргаатай хамтраад нийтийг хамарсан эрүүл мэнд, спорт, зөв амьдралын хэв маягт уриалсан ажлуудыг холбооны зүгээс төлөвлөж, энэ хүрээнд Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж байгаа аж.

Тэмцээний нээлтийн үеэр ОУХМ, Трек дугуйн залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр ярихдаа “Миний хувьд 2019 оны улиралд Украины Евро турын баг болох “Ukraine Pro Cycling” гээд багтай хамтарч уралдаж байгаа. Энэ оны эхээр хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Хоёр ч тэмцээнд мөнгөн медаль хүртсэн чамлахааргүй амжилт үзүүлээд байна. Ирэх долдугаар сараас эхлээд олимпийн оноо цуглуулах тэмцээнүүд эхэлнэ. Хятад, Индонез, Солонгос, Малайз, Польш улсад ээлж дараалаад олимпийн оноо өгөх өндөр ач холбогдолтой уралдаанууд болно. Тиймээс эдгээр тэмцээнд оролцоод оноогоо цуглуулаад явах болно. Миний хувьд эх орноо төлөөлөн 2020 оны Токиогийн олимпод оролцохын төлөө бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа зарцуулах болно” гэв.

Энэ удаагийн 47 дахь дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Швейцарь улсад зохион байгуулагдсан 2016 оны Трек дугуйн залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярт Спортын олон улсын хэмжээний мастер цолыг гардууллаа. Мөн хэд хэдэн тамирчинд спортын зэрэг цол олгох үйл ажиллагаа болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close