ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаатан шүүх үү

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж байгаа. Тэдгээр есөн хүний нэр тодроод буй.

Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан нарын есөн хүнийг шалгаж байгаа аж. Дээрх хэрэгт холбогдуулан Б.Хурцыг хорьсон ч тавдугаар сарын 23-ны өдөр батлан даалтад гаргасан. Гэхдээ тэдний хэрэг шүүхийн шатанд очоод буй. Өөрөөр хэлбэл Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов удахгүй гарах юм. Тэгвэл шүүхийн хуралтай зэрэгцээд  ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаатан шүүж магадгүй гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дарга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Улсын заан Мягмарсүрэнгийн төрсөн дүү Ц.Отгонжаргал гэх эмэгтэй ажилладаг аж. Ц.Мягмарсүрэн, Ц.Отгонжаргал нар Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн аавын ойрын хамаатан гэнэ.

2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллахдаа Улсын заан Ц.Мягмарсүрэнг авч явахдаа “Энэ Ц.Мягмарсүрэн заан чинь миний аавын ойрын хамаатан байгаа юм” гэж нутгийнхан, хамт явсан хүмүүстээ хуучилж байжээ.  Ингээд төд удалгүй Ц.Мягмарсүрэнг ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилж, дэд хурандаа цолтой болгосон гэнэ.

Түүнчлэн Ц.Мягмарсүрэн зааны дүү, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын нөхөр н.Ганбатыг Б.Хурц АТГ-ын дэд дарга байхдаа ажилд авч байсан баримт байдаг гэнэ.

Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол эрүүдэн шүүсэн хэргээр буруутгагдаж байгаа Б.Хурц нарын хэргийг Ц.Элбэгдоржийн аавын ойрын хамаатан, өөрийнх нь ажилд авч байсан хүний эхнэр болох Ц.Отгонжаргал шүүхээр болж байна.

Дашрамд дурдахад  Б.Хурц нарт хамаарах хэрэг 5 хүртэлх жилийн хорих ялтай байж болзошгүй байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж байгаа гэнэ.

С.Гэгээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close