Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх олон улсын эко аян эхэллээ

“Далай ээж” олон улсын эко соёлын аяны талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяныг ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг бүртгүүлэх зорилгоор “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ууд хамтран санаачилжээ. Олон улсын эко соёлын аян энэ сарын 5-18-ны хооронд Улаанбаатар хот, Орхон аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал суманд болно. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй найман орны зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч идэвхтэн, хуульч зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл нуурын төлөө сэтгэлээ нэгтгэн цугларах аж.

Энэ талаар ”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Дэлхийн өвөөр бүртгэгдсэн байгалийг хамгаалахад жил бүр 2 сая доллар зарцуулдаг. Хөвсгөл нуурыг хамгаалах тал дээр хангалттай төсөв хуваарилж чаддагүй олон улсын хэмжээнд санхүүгийн дэмжлэг авах нь маш чухал ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр бид оройтоогүй байгаа дээр хосгүй, үнэ цэнэтэй, байгалийн унаган төрхөө хадгалж байгаа цорын ганц хоймор нутгийнхаа хөх нүдэн нуураа Дэлхийн байгалийн өв болгон авч үлдэх боломж олдож байна. Бид нуураа дэлхийн өвд бүртгүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Учир нь Хөвсгөл нуурын нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг. Мөн Хөвсгөл нуур бол 24-25 метрийн гүнд юу байгаа нь харагддаг, монгол орны хамгийн гүн, хамгийн урт, хамгийн их цэвэр усны нөөцтэй нуур юм.

Гэтэл өнөөдөр Хөвсгөл нууранд асуудал үүсч эхэлсэн. Нуурын эко системийг харгалзаж үзэлгүйгээр газар олгосон. Анх 1997 онд гуравхан жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 117 бааз боллоо. Нөөц даацын судалгаагаар 60 байх боломжтой. Гэтэл хоёр дахин нэмэгдсэн. Тэр хэрээр нуурын чанар, усны чанар өөрчлөгдөж хөрс эвдэрч, сүйтгэгдэж байна. Үүний улмаас нуур захаасаа замагчиж, хаданд хаг тогтож эхэлсэн.

Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд гурван шалгуур хангах ёстой. Тухайлбал тухайн байгалийн өв нь хосгүй байх ёстой, нөхөгдөшгүй, унаган төрхөө хадгалсан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Бид энэ шалгуурыг хангасан гэж үзэж байгаа учраас хойшлуулашгүйгээр дэлхийн өвд бүртгүүлж, олон улсын хамгаалалтад оруулж, ирээдүй хойч үедээ үлдээх их үйлсэд ханцуй шамлан хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.

Олон улсын эко соёлын аяны хүрээнд “Далай ээж”-ийн хүрээлэн буй орчны хог хаягдал, ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан орчны бохирдол, загас агнуур, худалдааны  загасчлал, усан завь, моторт дугуй ихэссэнээс үүдсэн зорчигчдын аюулгүй байдал болон цэнгэг усанд нөлөөлж буй аюул, эрсдэл зэрэг асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх нь дараагийн зорилго нь аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын концерт, шоу тоглолт, уран зургийн дуудлага худалдаа, гудамжны дүрслэх урлагийн бүтээл урлах, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийг дэмжсэн гарын үсэг цуглуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар “Дөрөв дэх өнцөг” ТББ-ын тэргүүн Д.Оюун-Эрдэнэ “Манай үйл ажиллагааг дэмжиж  Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг 8 орны зураач, зурагчин, уран барималч, хөгжимчин, дуучид гээд 25 уран бүтээлч оролцож байна. Эдгээр уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг дуудлага худалдаанд оруулж, тодорхой хувийг аянд хандивлана. Мөн монголын уран бүтээлчид олон улсын уран бүтээлчидтэй хамтран энэ сарын 09-нд 20:00 цагт “On and Off” продакшны байранд тоглолт зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааны ашгаар бид аянаа санхүүжүүлнэ. Цаашлаад нуурыг хамгаалах сан байгуулна. Учир нь улсаас Хөвсгөл нуурыг хамгаалахад ямар ч төсөв хураарилдаггүй. Хандив тусламж, олон улсын буцалтгүй тусламж, зээлээр өнөөг хүртэл хамгаалалтын ажил хийж эхэлсэн” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close