Байгаль орчин аялал жуучлалын яам Тусгай хамгаалалттай газруудыг “ОЙМСДОВ” уу

Ийм нэгэн эмзэглэл, эргэлзээ төрүүлсэн асуултыг төрсөн нутгаа гэх чин сэтгэл тээсэн нэгэн ТББ-ын тэргүүн цахимд тавьж байна. Хурган даргын хур их авлигын буянаар олонд танигдсан “оймсдох” гэх нэршил цаанаа авлига, хээл хахууль, төрийн албаны хүнд суртал гээд болох болохгүй бүхнийг агуулдаг. Тэгвэл бүхэл бүтэн улсын яам эх орныхоо бахархал, ёс заншил, үүх түүхийг хадгалдаг тусгай хамгаалалттай газруудыг “оймсдсон” бол яах вэ.

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” Төрийн бус байгууллагынхан өнгөрсөн долдугаар сард БОЯЖЯ-ны Тусгай хамгаалттай нутгийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Сансарбаярт мэдээлэл хүсэх тухай нэгэн бичиг уламжилжээ. Тус хүсэлтэд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан компани, жуулчны бааз, гэр буудлуудын компанийн нэр, эзэн, ашиглах газрын хэмжээ, газрын зөвшөөрөл авсан огноо, гэрчилгээний дугаар, БОАЖ-ын сайдын шийдвэрийн огноо, тушаалын дугаар, кадастрын зураг зэргийг дэлгэрэнгүй гаргаж өгөх, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан шалгалтын дүн, дүгнэлтүүд зэрэг мэдээллийг авах хүсэлтэй  байгаагаа дурдсан байна. Харамсалтай нь БОАЖЯ хувь хүний нууц, байгууллагын нууц хэмээн тус мэдээллүүдийг өгөхөөс татгалзжээ.

Угтаа Төрийн тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байдаг төрийн өмч. Гэтэл салбарын яамны газрын дарга нь байгууллага, хувь хүний өмч хэмээн хэнэг ч үгүй тайлбарлаж байгааг юу гэж ойлгох вэ. Үнэхээр халаасны зузаан, ханцуйн дахь тохиролцооны уршигаар төрийн тусгай эзэмшлийн газар хэн нэгний халаасанд шургасныг газрынх нь дарга хүртэл хүлээн зөвшөөрчихөж байгаа хэрэг үү.

Тус байгууллага энэ талаарх мэдээллийг өнгөрсөн жилээс эхлэн яамнаас нэхсэн байна. Газрын дарга асан Ч.Батсансараас олон удаа шаардсан ч ганц ч хариу өгөхгүй байсаар жил тойрчээ.  Улмаар хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд мэдээллийг дахин авахаар үүрэг гүйцэтгэгчээр саяхан томилогдсон Э.Сансарбаярт хүсэлт гаргахад ийнхүү “сансар’- ын гэмээр хариу өгсөн нь дээрх гэх асуултыг тавихад хүргэсэн байна.

Учир нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах шийдвэрийн цаана ашиг сонирхол, авлигал яригддаг нь нууц биш. Өнөөгийн хэлээр бол газар олгох нэрийдлийн дор “ОЙМСДОХ” магадлал өндөр. Зарим тусгай хамгааалалттай газрын зөвшөөрлийн асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж, хянагдаж байгаа нь үүний нэг илрэл. Иймд тухайн газар нутгийн иргэд болоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хяналт юу юунаас чухал. Гэвч хяналт тавих эрх бүхий сүбьектүүдэд нь нууц хэмээн мэдээллээ нуун дарагдуулаад байгаа цаана “но” байгаа гэдгээ зүгээр л зарчихсантай адил бус уу.  Хэний “оймсдсон” хэргийг хуулийн заалтаар нуув…

Нөгөөтэйгүүр БОАЖЯ мэдээлэл нууцалснаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Байгаль хамгаалах тухай зэрэг олон хуулийг зөрчиж байгаагаа мэдэж байгаа болов уу…

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close