Капитал банкны дампууралд ХХБ, Улаанбаатар банк нөлөөлсөн үү

Нэгийг дампууруулж, нөгөөг авардаг тогтолцоо банкны салбарт аль хэдийнэ үүрээ засаад өндөглөснийг хэд хэдэн үйл явдал гэрчилдэг. Хэдэн жилийн өмнө хоёр банк ээлж дарааллан дампуурлаа зарлаж, Монгол улсын эдийн засаг хасах руу орж байлаа. Дампуурсан банкны удирдлагууд дээрэмдчихлээ хэмээн “хашгирч”, харин нөгөө хэсэг нь банктай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь  ээлж дараалан хэвлэлүүдээр цацсаар  адал явдалт солонгос “драм”-аас дутахааргүй дуулиан шуугиан дор дампууруулдаг. Үр дүнд нь хэдхээн эрх мэдэлтнүүд банкнуудын үндсэн болон барьцааны гээд бүх хөрөнгийг яг л бялуу хувааж байгаа аятай хувааж авдаг байж болзошгүй мэдээллүүд сөхөгдөж буй. Капитал банк бол дампуурсан анхны арилжааны банк биш. Үүнээс өмнө Хадгаламж, Зоос, Монгол шуудан, Анод гээд олон л банкууд дампуурах нь дампуурч, зарим нэг нь нэгдэж нийлсэн түүх бий.

Эдгээрээс хамгийн их эсэргүүцэл сенсаацитайгаар дампуурсан нь Анод. Тухайн үедээ улс төрийн аль ч намын бус эзэдтэй байсан энэ банкийг улстөрч 2 эзэнтэй банкны золиосонд явуулсан хэмээн тухайн үед яригдаж байсан билээ. Яг үүн шиг хувь заяа Капитал банканд давтагдсан байж болзошгүйг ажиглагчид мөн ярьж, цахим ертөнцөд жиргэчид, пейсбүүкчид бичиж байна.

Капитал  банкны 99.97 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.03 хувь нь “Чоно Финанс” ББСБ-ын  эзэмшлийнх. Нийт активын хэмжээ 2017 онд 775 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ 53 тэрбум төгрөг хэмээн бүртгэгдэж байжээ. Дампуурлыг нь хүчээр зарлахаас өмнөх үеийн байдлаар хамгийн сүүлд Монголбанкны шаардлагын дагуу Капитал банк дүрмийн сангаа 23 тэрбумаар нэмэгдүүлээд байсан гэх мэдээллийг банкны салбарынхан ярьж байна. 23 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа зузаатгасан банк яагаад дампуурах болов?

“Бишрэлт холдинг” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа яагаад банк дампуурав гэх асуултад “Капитал банкны дампууралд улс төрийн нөлөө орсон” хэмээн ам алдсан бол Монголбанк хэдэн жилийн өмнөөс хүндэрсэн, арга хэмжээ авсан ч дийлсэнгүй гэх.

Хууллаа хууллаа гэхэд “Анод”-ын дампуурлыг үг үсэггүй хуулах гэж байх уу. Энэ нь нөгөөх банкны салбар дахь “мангасдах” ажиллагааны ул мөр мөн  үү.

Б.Ундармаагийн улс төрийн нөлөө орсон гэх мэдэгдэлийн дараа Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг яагаад байршиж байсан, хэрхэн буцааж авах гэх тус банктай холбоотой олон асуултаа хариултаа нэхсэн. Эдгээрээс хамгийн ноцтой нь тус банкнаас нэр бүхий банктай холбоотой, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авч, буцааж төлөөгүй гэх хардлага.

Энэ талаар твиттерийн идэвхтэй жиргээч иргэн Г.Ганбат “Дампуурсан Капитал банкнаас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, тэдгээрийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл аваад буцааж төлөөгүй юм байна. Эзэн залгичихжээ” хэмээн жиргэсэн байна. Энэ үнэн бол “Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авахад санхүүжилт олгосон гэх ХХБ болон Улаанбаатар банкныхан Капитал банкны дампууралд нөлөөлсөн үү?

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны  цаана том “эзэнтэйг” бүгд мэднэ. Тэрхүү эзэн нь улс төрд нөлөөтэй  гэдгийг ч бүгд гадарладаг. Тэгэхээр бага зах зээлтэй орны эдийн засгийн том “дайнд” Капитал банк золиосонд явсан уу. Тус банкийг хөмрүүлэх ажиллагаа урьдчилсан зохион байгуулалттайгаар эхэлж, энэ цаг үед дуусгавар болсныг бид дампууралтай андуурч байна уу.

Ямартай ч өнөөг хүртэл Капитал банкны удирдлагууд дампуурлынхаа талаар ганц үг ган хийгээгүй байна. Капитал банк үнэхээр золиосонд явсан уу эсвэл Монголбанкны хяналт, банкны муу засаглалын улмаас золигт гаргасан уу гэдэг нь тун удахгүй тодорхой болно гэж найдъя.

Б.Ариун

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close