Редакцийн сонголт

Т.Батсүх: Хүнийг зодож нүдэн, айлган сүрдүүлж байж албан тушаалыг нь авдаг болох вий

-Таныг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм бэ?

-Та бүхний мэдэж байгаагаар Zarig.mn дээр намайг хорь орчим хоног мөрдөж мөшгин, доромжилсон байдаг. Улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын энэ сарын 8-ны өдрийн тушаал гарсан байдаг. Гэвч удалгүй уг тушаалыг цуцалж, дахин тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Миний орны хүнээр М.Найданхүү томилогдож байгаа юм байна. Асуудлын гол нь манай байгууллагын мэдлийн газраас болсон. Тухайлбал, үе үеийн захирлууд байгууллагын мэдлийн газраас хувьдаа авч хаус босгодог. Мөн М.Найданхүүгийн аав Б.Минжигдорж байгууллагын мэдлийн хэсэг газарт гэрээ барина гэхээр нь зөвшөөрөөгүй юм. Гэр барьчихсан байсныг нь буулгасан. Тиймээс намайг чөлөөлсөн асуудал нь газартай холбоотой. Хуваагаад авчихъя гэхээр нь үгүй гэсэн. Энэ хариулт таалагдаагүй юм байлгүй. Хүрээлэнгийн мэдлийн 15 орчим га газар байсан. Гэвч үе үеийн захирлууд хувьдаа авсаар байгаад одоо тав орчим га газар л үлдлээ.

-Тухайлбал, энд хэн хэн гэдэг захирлуудын гэр байдаг юм бэ. Зөвшөөрлийг нь яаж авдаг гэсэн үг үү?

-Өмнө нь хүрээлэнгийн захирлаар ажиллаж академич Чадраабал, Эрдэнэсүрэн, Загдсүрэн нарын гэр бий. Ингэхдээ тэд “Залуу судлаачдад зөвлөгөө өгөх төв”, “Номын өргөө” зэргээр эрдэм шинжилгээний хүрээлэнг шинэчлэх зориулалтаар авсан ч хувийн орон сууц болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, үе үеийн захирлууд хүрээлэнгийн газрын ингэж хувааж авдаг. Тиймээс уг үйлдлийг таслан зогсоохын тулд 2014 онд өмнөх захирлуудыг бүгдийг нь цуглуулж, одоо энэ асуудлаа зогсоо гэж хэлсэн. Гэтэл “Чи ч бас дунд нь байшингаа барьчих. Хэдүүлээ ингээд шийдчихье л дээ” гэж хэлж байсан юм. Б.Минжигдорж нь хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Уг нь миний багш шүү дээ. Хүү нь сайдын зөвлөх учраас энэ бүх зүйлийг хийсэн юм байна.

-Б.Минжигдорж уг газрыг хэдэн онд ямар зориулалтаар авсан бэ?

-2009 онд уг газрыг “Аж ахуй судалгаа, эрдэм шинжилгээ”-ний зориулалтаар авсан байдаг.

-Иргэдийн ойлгож байгаагаар албаны унааг танай хүү унаж явсан учраас чөлөөлөгдсөн гэх ойлголттой байна шүү дээ?

-Би Өвөрхангай, Өмнөговь орох албаны ажилтай байсан. Тухайн үед манай жолооч тэтгэвэртээ гарчихсан, жолоочгүй байх үе таарсан. Тиймээс хүүхдээрээ машинаа бариулаад өөрөө хойноос нь хувийнхаа машинтай Өвөрхангайд очсон. Манай хүүгийн хувьд надаас нэг хоногийн өмнө түрүүлж очин Өвөрхангайн Найман нуур суманд хүн буулгасан юм билээ. Уг асуудлыг zarig.mn сайт хойноос мөрдөж, мөшгөж байгаад бичлэг хийсэн. Ингээд тус сайт “Сайд аа энэ хүнийг чөлөөлөөч” гэсээр байгаад чөлөөлүүлж байгаа нь энэ.

-Та өөрийгөө тухайн үед томилолтоор явж байсан гэдгээ яаж батлах вэ?

-Тухайн үед томилолтоор явж байсан гэдгийг дэд захирал мэднэ. Мөн бичгээр ч бий.

-Яг ямар үндэслэлээр чөлөөлсөн эсэх асуудлыг танд ирүүлсэн үү?

-Надад бичиг ирүүлсэн. Гэхдээ энэ асуудалд ашиг сонирхол байна уу гэж харж байна. Уг нь миний ажлыг хэн нэгэн албан тушаалтан хүч түрэн авах биш сонгон шалгаруулалтаар ном журмынх нь дагуу авах ёстой. Надад татгалзах юм байхгүй. Төрийн албанд томилж болсон юм чинь эргүүлэн татах нь нээлттэй. Гэхдээ бүх зүйл хууль ёсных байх ёстой гэсэн байр суурьтай байна. М.Найданхүү ийм ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй шүү дээ. Аав нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Мөн Архангай аймгийн Засаг даргатай хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Гэтэл хүү нь захирлаар нь томилогдон ажиллах гэж байна. Б.Минжигдорж, М.Найданхүү, Т.Мөнхнасан нар чинь нэг нутгийн хүмүүс шүү дээ. Төрийн албыг ингэж гэр бүл, нутгийн бизнес болгож болохгүй биз дээ.

-Таныг Архангай аймгийн Засаг дарга гэрт чинь зодсон гэж байсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Т.Мөнхнасан над руу залгаад байсан юм. Тэгээд манай гэрт ирээд бид хоёр уулзсан. Ирэхдээ жаахан халамцуу байсан. Би нэг ангийнхан гэдэг утгаар хүндлээд байж байтал “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гэсэн. Би ажлаа ингэж өгөхгүй ээ. Уучлаарай гэсэн чинь “Чи миний багш, манай нутгийн ахад яагаад ажлаа өгч болдоггүй юм бэ” гээд маргалдсан. Ингээд намайг зодож эхэлсэн. Би ухаан алдаад сэрэх үед Т.Мөнхнасан байхгүй, гэрт цагдаа ирчихсэн байсан. Ийм томилгоон дээр төрийн сайд хүн анхаараасай гэж бодож байна. Улстөрийн албан тушаалтан, зөвлөхөө авчран сүүлдээ зохион байгуулалттай зодож, миний биед халдаж байна.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн чинь өөрөө төрийн байгууллага. Тиймээс захирлыг тодорхой хууль журмын дагуу албан тушаалаас нь чөлөөлнө. Мөн томилоход АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ тодорхойлуулах ёстой. Үүний дараа албан ёсоор томилогддог шүү дээ. Гэтэл та хууль бус томилгоо болсон гэсэн. Сонгон шалгаруулалт явуулаагүйн дээр АТГ-ын тодорхойлолт байхгүй гэсэн үг үү?

-Энэ процесс өрнөөгүй. Өөрөөр хэлбэл, хууль илт зөрчиж байгаа байхгүй юу. Цаашид албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхгүй гэсэн хүнийг зодож нүдэн, айлган сүрдүүлж байж албан тушаалыг нь авдаг болох вий гэхээс эмзэглэж байна.

-Хүрээлэнгийн захирлаар хэдэн жил ажилласан, ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би зоотехникч мэргэжилтэй ОХУ-д төгссөн. Малзүйч гэсэн үг. Доод шатнаас нь эхлээд дэд захирал, захирал хүртэл дэвшин ажилласан. Захирлын албан тушаалд томилогдон ажиллаад долоо дахь жилдээ ажиллаж байна.

-М.Найданхүү нь мэргэжлийн хүн мөн үү?

-Манай чиглэлийн хүн л дээ. 2000 оны хавьцаа Норвегид докторын зэрэг хамгаалахаар явж байсан юм. Гэвч энэ хүн докторын зэргээ хамгаалаагүй байхгүй юу. Үүнийг Зайсан даяараа л мэднэ.

Бид сэтгүүл зүйн үүргийн дагуу мэдээллийг тэнцвэртэйгээр тал бүрийн байр суурьтайгаар баримттай нь хүргэлээ.  Харин хууль бус энэ үйлдэлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар анхаарлаа хандуулж хариуцлага тооцож, асуудлыг хуулийн дагуу шийднэ бизээ…

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close