Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэн нас баржээ

Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордлогонд орж, нас барсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарчээ. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ. Хэрэг гарсан талаарх дуудлага мэдээллийг орон сууцны иргэд өгсөн бөгөөд нас барсан иргэд гадны нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй байжээ. Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. Манай улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхтэй хэрэглэгч орон болсон гэдгийг энэ мэт хэргээс харагдсаар байна.  Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2016 онд 19-25 насны 114, 26-35 насны 71, 35-аас дээш насны 33 хүн тус, тус шалгуулж байжээ. Гэтэл 2018 онд энэ хэрэгтэй холбоотой 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгажээ. Эдгээр хүмүүсийн 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэйчүүд аж. Хэрэгт 20-35 насны залуус ихэвчлэн холбогддог ажээ.  Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн албан ёсны тоо баримт байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close