ЖДҮ-гийн шүүх хурлаар Б.Батзоригийг шүүж, ЖДҮ-чин гишүүдийг сугалах уу


ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байхдаа  яамныхаа дэргэдэх ЖДҮ-г хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдэд 950 сая төгрөгийн зээл гаргаж өгсөн Б.Батзоригт холбогдох хэрэг шүүх рү шилжээл багагүй хугацаа өнгөрөөд байна. Шүүх хурлын тов удахгүй гарна гэсэн мэдээлэл бий.
Нийслэлийн Прокуророос ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг сөхвөл, ЖДҮ-гийн хэрэг нийгмийг цочроосонтой холбогдуулан  УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮЯ-ны сайдаас нь огцруулсан. Ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн хэмээн улстөрчид  тайлбарладаг ч олон нийт түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардан, хүлээж буй билээ.  Харин энэ хэрэгт холбогдсон   газар, хэлтсийн дарга тэргүүтэй 10 гаруй албан тушаалтнууд ч ажилдаа хариуцлагагүй хандсан.  Гэвч хэрхэхийг удахгүй шүүх хурлаар шийднэ.
Мөн үүнтэй зэрэгцээд албан тушаал, эрх мэдэл болон мэдээлэлд ойр буйгаа ашиглан жилийн 3-хан хувь буюу бараг хүүгүй шахам зээл авсан УИХ-ын 13 ЖДҮ-чин гишүүдэд Монголын хууль хэрхэн үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Энхбаяр нарын цөөн гишүүд авсан зээлээ эргүүлэн төлсөн хэмээн мэдэгдсэн: Харин нэр бүхий бусад гишүүд хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ
ЖДҮ-чин хэмээн нэрлэгдсэн гишүүдийг зээлээ эргүүлэн төлсөн гэдгээр нь толгойг нь илэн өнгөрөхийг олон нийт зөвшөөрөхгүй. Учир нь ЖДҮХС-гийн мөнгө бол ард түмний татвараас бүрдсэн Засгийн газрын мөнгө бөгөөд эрх мэдэлтнүүдэд биш жирийн иргэд, бизнес эрхлэгчдэд очих ёстой мөнгө байсан юм. Тиймээс ард түмний, жирийн иргэдийнхээ мөнгийг хуйвалдан, хувааж авснаараа ЖДҮ-чин гишүүд мөн хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Бүх шатанд хариуцлагыг тогтолцоог шаардаж, төрийн их цэвэрлэгээг эхлүүллээ хэмээн сүржин мэдэгдэж байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд ЖДҮ-чин гишүүдээ хамгаалаад үлдэх үү, хуульд даатгах уу?
ЖДҮ-чдийг бид уучлахгүй.
Д.АЛТАЙ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна