С.ЭРДЭНИЙН ОЙ САНАМЖ ХЭЗЭЭ СЭРГЭХ ВЭ…?

Заримдаа улстөрчдөд, намуудад ой санамж байдаг болов уу гэж бодогдтол эсрэг тэсрэг зүйл ярихыг яана гээч. “Ард түмэн бол цагаан цаас.  Түүн дээр юу ч сараачиж болно” гэдэг үгэнд итгэдгийн гор л доо. Маш амархан жишээ дурдая. Одоогоос нэг жилийн өмнө  “УИХ-ын гишүүд асуудалд төрийн түшээ шиг хандаж, цаг заваа гаргаж, олон талаас нь судалж, дүгнэж ажиллах үүрэгтэй. Гэвч УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орж ажилласнаар Засгийн газрын гишүүний байр сууриас эрхээ хязгаарлуулан, нэг өнцгөөр хараад байгаа нь парламентын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна” хэмээн нэгэн улстөрч ярьж байлаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд давхар дээл шиг хэрэггүй зүйл үгүй гэж ярьж явсан эрхэм өнөөдөр Засгийн газрын гишүүний суудалд тухтай гэгч нь заларчихсан, өмнөөс яамны бодлого ярьж суух жишээний. Эрх мэдэл, албан тушаал тэднийг ичих булчирхайгүй болгож, ихээхэн “мартамхай” болгодгийн нэг дүр төрх нь.

Улстөрд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл Ардчилсан нам дээрх увайгүй сайд шиг “ой санамжаа” алдчихаж. Хэл, ярьж байгаа “шинж тэмдэг”-ийг нь ажваас эргэн сэргэхгүйгээр “одсон” бололтой.  Монголын улс төрд 30 гаруй жил оршин тогтносон энэ нам  өөрөө өөрийнхөө ой санамжыг “албаар” гээж байгаа нь төлөвшилөө харуулж байна уу гэлтэй. Уг нь УИХ өөрөө тарах асуудлыг анх санаачилсан улстөрийн нам нь АН. Эргэн сануулбал…

2019 оны 1-р сар

Парламент дахь Ардчилсан намын бүлэг УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулахаар чуулганы хуралдааны үүдэнд самбар байрлуулж байсан удаатай. Тухайн үед самбарт нийт есөн гишүүн гарын үсэг зурсан бөгөөд, долоо нь АН-ын бүлгийнх байсан юм. Тухайн үед  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлан хуралдуулах тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртэй холбогдуулан бүлэг дахин ээлжит бусаар хуралдаж, хоёр тогтоолын төсөл боловсруулж, Ардчилсан намын бүлгийн долоон гишүүн одоогоор гарын үсэг зурсан” гэх мэдээлллийг өгөөд УИХ-ын гишүүд нь өөрсдөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга хариуцлагын олон төрлийн алдаа гаргаж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчилдөж байгааг тэрбээр тодотгосон байсан билээ.

2019 оны 4-р сар

Нэгдүгээр сард нь Монголын улстөр тогтворгүй байна гэх үндэслэлээр сөрөг хүчин болох АН-ынхан УИХ-ыг тарахыг шаардаж байсан бол дөрөвдүгээр сард нь АН-ын гишүүд нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөж, УИХ-ыг тарахыг шаардаж томоохон жагсаал зохион байгуулсан байдаг. Тус жагсаалд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа нарын удирдлагуудаас гадна АН-ын дэмжигч оролцож, Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-д элсэх асуудал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарахыг шаардсан. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан хууль бус үйлдэл болж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 60 тэрбумын схем зохиож Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авсан үйл явдал болсон. Үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. МАН-ын гишүүдийн дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Жагсаал үүгээр дуусахгүй. Бид дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгон ажиллах болно. Хамгийн гол нь эрхзүйн чадамжгүй энэ УИХ тарах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан УИХ тар” хэмээн мэдэгдэж, УИХ-ыг тараах шаардлагаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад гардуулан өгснөөр жагсаал өндөрлөж байсан юм.

2019 оны 5-р сар

Жагсаалаас сар хүрэхгүй хугацааны дараа АН-ынхан мөн л УИХ-ыг тарахыг шаардсан. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ, “Улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун” гэснийг АН-ынхныг дэмжсэн юм.

Улмаар УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Судалгааны байгууллагууд УИХ тарах, эсэх талаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь тарах нь зөв гэсэн хариулт өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээг 2018 оны арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан нь өмнөх онуудынхаас эрс багассан дүн. Энэ нь УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашдаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ.  Мөн УИХ-ын гишүүд нь эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдэх, сахилга, ёс зүйн алдаа гаргасаар байтал огт хариуцлага хүлээхгүй байгаа нь хуульгүй мэт аашилж буй хэрэг. Концессын гэрээнүүдийн асуудал, “60 тэрбум”-ын гэгдсэн гэмт үйлдэл, ЖДҮХС-гаас зээл авч, бизнес эрхлэгчдийн боломжийг хаасан албан тушаалтнууд нь өнөөгийн УИХ-ын зүй бус хандлагын жишээ болж, ард олны итгэл үнэмшлийг алдаж, манлайлан дагуулах чадваргүй болсны илэрхийлэл” хэмээн дурдсан байдаг.

2019 оны 5-р сар

Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын зөвлөлийн мэдээлэлтэй зэрэгцээд АН-ынхан Засгийн газрыг огцорч, УИХ-ыг нэн даруй тарахыг шаардсан “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” төв талбайд зохион байгуулсан. Ганцхан жилийн дотор нийслэлд авто замын ослоор 45 хүүхэд хорвоог орхиж, халдварт өвчний эрсдэл дунд амьдарч байгааг иргэд эсэргүүцэж ёс зүйгүй УИХ-ыг тарж, чадамжгүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсан. Улмаар сөрөг хүчний зүгээс Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, хэрэв шаардлагын хариуг заасан хугацаанд хүргүүлэхгүй бол хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаал  үргэлжлэх болно гэдгийг Ардчилсан намын  удирдлагууд мэдэгдэж байсан билээ.

Гэтэл…  

Шаардлага тавьж, УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байснаараа АН-ынхан УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан санаачилгыг хоёр гараа өргөөд дэмжих учиртай. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “Парламент тараах гэж байгаа нь башир арга шүү дээ. Нэгдүгээрт, эрх баригч нам хариуцлагаас зугтаасан үйлдэл гэж харж байна. Хоёрдугаарт, ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэг, 60 тэрбумын хэрэг, авлига албан тушаал, концесс гээд эрх барьж байгаа намд гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Тэд энэ бүх хариуцлагаас зугтаахын тулд бүх л буруу зүйлээ парламентад нааж үлдээгээд парламентыг тарааж, өөрсдөө цэвэрхэн нэр дэвшинэ гэж тооцож байх шиг байна. Харин ч иргэд сонгогчид энэ тал дээр нэлээд нухацтай хандаж сонголтоо хийнэ” гэж мэдэгдэж байх юм.

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд энэ мэтчилэн УИХ-ыг тараах чиглэлд намынхаа бүхий л акцыг чиглүүлсэн. Өөрсдийнхөө гаршсан жагсаалыг хүртэл зохион байгуулж, намыхнаа 40 гаруй мянган дэмжигчдээ хамруулсан. Хэдийгээр тухайн үед уг жагсаалыг мөнгөнийх, Сахал Д.Эрдэнэбилэгийнх, “Сахал” хочтыг хууль хяналтынхан баривчлангуут АН-ынхан сөрж, жагсаал хийлээ гэж хардаж байсан ч зорилго нь яах аргагүй УИХ-ыг тараах байсан.

Гэтэл өнөөдөр АН-ынхан “тоглосон юм” гэж хэлж болох уу.  Монголын томоохон улстөрийн хүчин гэгддэг АН-ынхан ийнхүү тогтворгүй байр суурьтай байж болох уу.  С.Эрдэнэ даргын ой санамж хэзээ сэргэх вэ… ???

Б.Ариун

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close