Хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон дуучин Б.Амархүү батлан даалтад гарч, хэрэг нь прокурорт буцаагдсан. Түүнийг ийн батлан даалтад гарахад олон нийт таатай хүлээж аваагүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр тунхаглал төдий болж хэмээн шүүхийн байгууллагыг шүүмжлээд авсан. Тэгвэл маргааш “60 тэрбум”-ийн хэргээр дөрвөн жилийн ял сонссон Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болох гэж байна. Тус хуралд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт цахимаар оролцох аж.
Давж заалдах шатны шүүх хурлаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар батлан даалтад гарах магадлал өндөр байна. Учир нь НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн заалтаар буруутгасан ч шүүх яг шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар буруутгасан юм. Магад энэ үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар батлан даалтад гарч магадгүй байна.
Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн тухайн үед “Монголд 2500 гаруй өмгөөлөгч, 6000 гаруй хуульч байдаг. Эдгээр хуульч, өмгөөлөгчид надтай 100 хувь санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ шүүх чинь юу болчихсон юм бэ? Сэтгүүлч, сурвалжлагч нар ч мэдэж байгаа байх. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Гэтэл энэ гэмт хэргийг олон нийт мэдсэн өдрөөс нь эхлэн тоолно гээд шийдвэр гаргачихлаа.
2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Төрийн эрхийг хууль бусаар булааж авах хуйвалдаан зохион байгуулсан гэж яриад байгаа юм. Прокурор энэ хэрэг дээр ял өгөх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 9 сард хамгийн сүүлийн үйлдэл нь хийгдсэн учир хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа дууссан гэж үзсэн. Үүн дээр өмгөөлөгчид давж заалдах бодолтой байсан. Бүр дараагийн гомдолоо яаж бичих үү гэдгээ хүртэл төлөвлөчихсөн байсан. Учир нь цагаадах ёстой байсан юм. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. 2016 онд энэ хэргийн талаар иргэд мэдсэн. Тэгэхээр энэ хэргийг олон нийт мэдсэн үеэс нь тоолно гээд шийдвэрчихлээ. Энэ хэн нэгний ч санаанд орох зүйл мөн үү.
Шүүх Төрийн эрхийг хууль бусаар булааж авах хуйвалдаан зохион байгуулаагүй юм байна. Өөр гэмт хэрэг үйлдсэн юм байна гээд ял оноочихлоо. Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар буруутгачихлаа. Угаасаа 2002 оны 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар буруутгах ямар ч боломж байхгүй. Үүнийг өмгөөлөгчид үүнийг анхнаасаа хэлж байсан. Хэрвээ энэ зүйл ангиар буруутгавал шүүх өөрөө онигоонд орох байсан. Тиймээс цагаадах байх гэсэн итгэл үнэмшилтэй зургаан өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон. Прокурор энэ хэргийг гурав дөрвөн удаа хянахдаа дандаа 82.1 гэсэн заалтаар зүйлчилж байсан. Зургаан өмгөөлөгч өдөржин энэ бол 82.1 биш гэдэг үүднээс өмгөөлсөн. Хэрвээ 14.9 гэдэг зүйл ангиар буруутгасан бол өмгөөлөгчийн өмгөөлөх байр суурь, мэтгэлцэл ч өөр болно шүү дээ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна