Редакцийн сонголт

Замын төлбөрийг өнөөдөр биш ч маргааш нэмэх л байсан

5 дахин нэмсэн төлбөр 5 дахин зам засах боломж олгоно

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн мэдээлэл бий. Үүнээс 80 хувь нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол УБ хотын зам ямар их ачаалалд байдаг нь тодорхой. Дээрээс нь зундаа бороо шаварт норно, хална, хатна. Өвөлдөө хөлдөнө мөстөнө гээд эрс тэс уур амьсгалтай улсын хувьд байнгын ажиллагаатай автозамуудыг арчилна, тордоно гэдэг маш их хөрөнгө, хүн хүч, техникийн дэвшил хэрэгтэй байх нь тодорхой.  Ялангуяа сүүлийн 10 жилд хөдөлгөөнд оролцох авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн, хуучирч муудсан дээр үеийн шийдэл бүхий автозамууд ачаалал, арчилгаагаа дийлэхгүй болсноос автомашинуудад ч гэмтэл, хүндрэл учруулах болсон. Үүнийг шийдэх зорилгоор Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 2015 онд анх удаа зам ашигласны төлбөрийг  20-40 мянган төгрөгөөр тогтоожээ.  Үүний үр дүнд жилд дунджаар 12 орчим тэрбум төгрөг төвлөрдөг болжээ.
Энэ мөнгөөр нийслэлийг хэрсэн 1000 орчим км автозамыг бүрэн арчилж тордох нь байтугай зөвхөн замын эвдрэл гэмтэл, нөхөөсний дөнгөж 20 хувийг л хийж гүйцэтгэдэг аж. Гэхдээ бас  зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг хамруулахгүйгээр шүү дээ.  Үерийн ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэх, бөглөөг гаргах тухайд бол бүүр ярилтгүй. Олон жилийн хур хог, шороонд бөглөрсөн шугам хоолойг машин техникээр л цэвэрлэхгүй бол хоосон гараар ухаад ч дийлдэхгүйгээр муудсан.  Даанч ийм техник хэрэгсэл худалдан авч ашиглах нь байтугай эвдэрсэн замаа арай гэж нөхөж байгаа төлбөрийг өнөөдөр биш юм аа гэхэд маргааш зайлшгүй нэмэх л байсан. Үүнийг харин С.Амарсайхан  даргын үед зориглон хийлээ. 
Авто зам ашигласны төлбөр:
2016 онд 11.478.890 тэрбум
2017 онд 11.072.900 тэрбум
2018 онд 12.562.900 тэрбум
2019 онд 12.795.600 тэрбум
2020 онд 73.579.715 тэрбум
Сайн муугаар шүүмжлэгддэг ч өнөөдрийг биш маргаашийг харж сурсан бизнесмэн хүний зангаргаар энэ шийдвэрийг гаргасных нь төлөө түүнд талархах цаг ирэх л байх. Үүнийхээ төлөө тэр өнөөдөр шүүмжлүүлнэ, муулуулна. Магадгүй огцрохдоо тултал улстөржилтийн бай болох л байх. Гэхдээ тэр өөрийгөө биш өнөөдрийг биш, маргаашийн төлөө  сонгуулийн улстөржилт эхэлсэн, улстөрч болгон “араа бодож” ард түмэнд таалагдах гэж аргаа барж байгаа ийм эгзэгтэй үед энэ шийдвэрийг гаргаснаар Замын санд төвлөрдөг 12 тэрбум төгрөгийг 5 дахин нэмж 73 тэрбумд хүргэхээр боллоо. Ингэснээр нийслэлийн замыг энэ хэмжээгээр засч, шинэчлэх, тордож ашиглах боломжийг мөн 5 дахин нэмж чадлаа.  Үүнийх нь төлөө  төдбөр төлөгч иргэд бид онгорхой нүхгүй зам, илүү сайн техник, төхөөрөмжөөр илүү сайн чанарыг  нэхэх эрхтэй болж байна.  Тиймээс өнөөдөр үзэн ядуулах байсан ч, нийслэлчүүдийн маргаашийн сайн сайхны төлөө шийдвэр гаргасных нь төлөө Хотын захирагч С.Амарсайханы зоригийг үнэлж байна. 
Замын төлбөр автомашинуудын хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 100 -300 мянган төгрөг байх бөгөөд үүнийг сард хуваабал 8300-25000 төгрөг болж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close