"Кэмбриж Аналитика” компани Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ноцтой баримт дэлгэлээ


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд “Кэмбриж Аналитика” компани  нөлөөлсөн  гэх дуулиан багагүй хугацаанд дэгдэж байна. Тэд дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн  хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар авч улмаар өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашигласан хэмээн буруутгагдаад байгаа юм. Тэгвэл тус компанийн хууль бус ажиллагаанд Монгол улс оролцсон талаарх ноцтой баримт дэлгэгдлээ.

Өөрөөр хэлбэл 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Фэйсбүүк сошиал сүлжээний хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглаж нөлөөлсөн байх магадлалтай байна.

“Кэмбриж Аналитика” компанийн бизнес хөгжлийн газрын захирал асан Бриттани Кайзер өнөөдөр тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан, дэлхийн ямар ямар улсуудын сонгуульд нөлөөлөх үйлчилгээ үзүүлж байсан талаар 2014-өөс 2018 оны баримтуудыг дэлгэжээ.

Түүний баримтаас харахад Кэмбриж Аналитика нь дэлхийн 65 улсын сонгуулийн үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцжээ. Тодруулбал Малайз, Бразил, Кени, Ирланд, Перу, Энэтхэг, Монгол улсуудын сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байна.

Монгол улсын хувьд 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр ажиллаж байсан тухай дурдагджээ. Өөрөөр хэлбэл Монголын талаас аль нэг нэр дэвшигч нь Кэмбриж Аналитика компанийн үйлчилгээг авч ашиглахаар хандаж байсан байна.

Харин яг хэн гэдэг нэр дэвшигч, ямар үнэ өртөг төлж, хэрхэн ашигласан тухай мэдээлэл гараагүй байна. Магадгүй удаах задрах баримтуудаас ил болж болзошгүй аж. Монгол улсын хувьд тус компаниас нэг биш нэлээд хэдэн удаа мэдээлэл авсан байх өндөр магадлалтай аж.

Учир нь ил гараад байгаа баримтууд дээр Монгол улсын нэр хэд хэдэн удаа дурдагджээ. Тухайлбал Монголын талд тавих санал бэлэн болсон тухай Кэмбриж Аналитика компанийн удирдлагуудын хоорондоо харилцсан имэйлд өгүүлсэн байна.

Баримтуудыг дэлгэсэн Бриттани Кайзер энэ тухайгаа "Би сүүлийн хоёр жилийн турш сэтгүүлч, улс төр судлаач нарт “Кэмбриж Аналитика” -ийн тухай нотлох нарийн мэдээллийг хүргэж ирсэн. Энэ бол тэдэнд дүн шинжилгээ хийлгэх боломж олгож ирсэн.

Би энэхүү баримтыг дэлхий даяарх ардчилалд мэдээлэл хэрхэн ашиглагдсан тухай, муу зүйлд гэрэл гэгээ тусгахын тулд дэлгэсэн. Учир нь олон нийтийн сайн сайхны төлөө юм. Цаашид дэлхий дахин сонгуулийн хуульд дата кэйсийг илүү хүчтэй болгохын тулд, үр хүүхдийнхээ дижитал ирээдүйг ёс зүйтэй болгохын тулд энэхүү баримтыг дэлгэж байна” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна