Талийгаач Г.Батхүүгийн нас барсан үеийн зураг, хэргийн гэрчийн мэдээлэл ил боллоо


Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад 8 сар өнгөрч байна. Гэвч өнгөрсөн хугацаанд хэргийн талаар ахиц гаргаагүй юм. Тиймээс өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн нь хэвлэлд хандлаа. Хурлын эхэнд өмгөөлөгч  Өмгөөлөгч н.Батхуяг дараах мэдэгдлийг хийлээ.

“Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан зуурдаар нас барсан.

Цагдаагийн байгууллага шалгаад найман сар болж байгаа ч өнөө хэр шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Хэргийн үйл явцын талаар гаднын нөлөөгүй юм байна гэсэн мэдээлэл хэвлэлээр явахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй тэвчээртэй хандсан.

Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал гарч байна. Бидэнд байгаа үнэн зөв мэдээллийг хүргэе.

 Миний хэлэх гэж байгаа зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал хэлбэрээр цөөнгүй гарсан.  Харин энэ удаа  эх сурвалжийн баталгаатайгаар сонсох гэж байна.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэслэж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Нэлээд олон хуудастай, эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөл, хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7-05 улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог улайлт.  Өвчний улмаас ухаан алдаад уначихлаа гэсэн мэдээлэл гарсан. Дүгнэлтэд өвчний улмаас цус харваагүй.  Харин гэмтлийн улмаас цус харвасан гэсэн дүгнэлт гарсан.

Энэ хэрэг дээр УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДЭЭС ПОЛИГРАФФ тест авсан. Энэ бол үнэн худлыг шалгах багаж. Дүгнэлтээр АСУУСАН АСУУЛТАД ХАРИУЛАХДАА СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ТҮГШҮҮРИЙН МЭДРЭМЖ ӨНДӨР гэсэн хариу гарсан.

Хэргийн газраас талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Уг гар утсанд үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Үйлдвэрээс гарсан юм гиг болсон байсан. Шинжилгээний дүгнэлтэд гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй гэсэн.

Мөн хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд "Би харсан" гэж мессэж бичсэн. Надад 13 секундийн бичлэг байгаа гэсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг нэг хүн тогтоогдсон. Гэтэл би энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй хэмээн өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ.

Энэ бас л эргэлзэх асуудал. Мөрдөн шалгах явцад шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Ялангуяа Шүүх эмнэлэгтэй холбоотой. Шинжилгээний явцад оношийг дутуу тавьсан, шинжилгээг дутуу ийм зүйл тогтоогдсон” гэлээ.

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага шинжээч томилохдоо гадаргуу дээр хурууны хээ байна уу гэдгийг тогтоох ёстой. Гэтэл түүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилчихсон. Иймэрхүү мөрдөн шалгах ажиллагааны зөрчил байна.

Б.ЗАЯА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна