Авлигатай тэмцэх газраас НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан болон тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга нар Ч.Чулуунчимэг нарыг саатуулаад байгаа. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэл буюу өнөөгийн анхаарлын төвд байгаа нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар хорьж, шалгахаар болжээ. АТГ-ынхан уг асуудлыг багагүй хугацаанд шалгаж, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан болон тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга нар Ч.Чулуунчимэг нарыг саатуулсан нь томоохон хэргийн учгийг атгаж авсных бизээ.
Магад тэд араасаа нэлээд олон хүнийг хөлдөө чирэх “ноцтой мэдээ” дуулдаж байна. Ц.Уртнасангаас гадна арав гаруй хүнийг АТГ-аас саатуулж, шалгана гэх ч “бор шувуу” байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын шалгалтаар АН-тай, С.Эрдэнэтэй холбоотой санхүүгийн баримтууд илэрсэн гэх бөгөөд холбогдоод байгаа арав гаруй хүн нь одоо АН-ын нөлөө бүхийн албан тушаалтнууд. Тиймээс үүнтэй холбоотойгоор АН-ын нэр дэвшигчдийн тушаасан 100 сая төгрөгийн эх үүсвэрүүдийг шалгах чиглэл ч байгаа бололтой.
Үүнийг батлах мэт АН-аас мэдээлэл хийж “Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох гэж өрсөлдөгчөө харлуулж байна” хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тэд асуудлыг хурцдахаас өмнө арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой.
Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. С.Эрдэнэ ХНХ-ын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх үедээ НД-ын мөнгийг арилжааны банкинд байршуулах зөвшөөрлийг НДЕГ-ын дарга Ц.Уртнасанд өгч байсан баримт байдаг.
Гэтэл АН-ынхан үүнийг “Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна” хэмээн булзааруулав. Ямартай ч хэрэг хуучирдаггүй гэдгийг энэ үйл явдал харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна