Редакцийн сонголт

У.ХҮРЭЛСҮХ VS Н.ЭНХБАЯР VS Ж.ОЮУНБААТАР БА СУЛ & ДАВУУ ТАЛ

УИХ-д тийм ч чухал ач холбогдолтой биш ч улс төрийн намуудын хувьд 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлоход чухал үүрэгтэй Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорч буй. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцохоор батламжаа авсан 11 нам  тавдугаар сарын 24-28-ны дотор нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах учиртай. Гэхдээ одоогийн байдлаар МАН-аас намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг, АН-аас Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж. Оюунбаатарыг нэр дэвшүүлэх нь албан бусаар бараг тодорхой болоод байна. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө болж буйгаараа чухал ач холбогдолтой энэ сонгуульд нэр дэвшихээр горьлогсдын давуу ба сул талыг нь харьцуулан сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахыг оролдлоо. АН-аас нэр дэвшигч Засаг дарга Ж.Оюунбаатарыг Хэнтийчүүд илүү сайн мэдэх бол нөгөө хоёр нэр дэвшигчийг улс даяараа таних тул намтарчилан танилцуулах гэсэнгүй. Харин хувь улстөрчийнх нь хувьд эерэг сөрөг талыг нь  харьцууллаа.

 

МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ДАВУУ ТАЛ:

У.Хүрэлсүхийн хувьд цэргийн хүмүүжилтэй гэдэг нь хувийн зан чанараас нь шууд мэдрэгддэг. Шийдэмгий, бусдын нөлөөнд автдаггүй зан чанар нь МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноос нь хойш илт мэдрэгдэж байгаа. “Авилгажсан төрд их цэвэрлэгээ эхлүүлж байна” гэсэн мэдэгдэл нь тухайн үедээ хэт сүржин хийрхэл мэт сонсогдож байсан. Гэвч тэр цэвэрлэгээг эхлүүлсэн. Хийж чадсан. Тийм ч учраас ард түмний талд хийж хэрэгжүүлж байгаа шударга ёсны энэ тэмцлийг хэнтийчүүд төдийгүй ард түмэн дэмжиж байгаа. Мөн Засгийн газрын тэргүүний хувьд үндэсний нефтийн үйлдвэртэй болох, олон жилийн турш үе үеийн Засгийн газрын хийж чадахгүй байгаа нийслэлийн цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлсэн нь үндэсний эрх ашиг, олон нийтийн санаа бодолд нийцсэн бодит ажил болж байгаа юм. У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайдын ажлыг хүлээн авснаа хойшхи нэг жил хагасын хугацаанд Монголын төрийг аалзны тор мэт хэрсэн байсан авилга, мафийн сүлжээг задлаж устгахад бодит ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал Монголын ард түмэн, Монголын эдийн засагт бодит үр өгөөжөө өгч байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авсан гэх хуйвалдааныг илчилж, МАН болон АН-ын хэсэг бүлэг нөхдийн  мафижсан бүлэглэлийг илчилж, төрийн төмөр нүүрээр  хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Энэ нь Монголын төр эзэнтэй, хууль хүн бүрт тэгш үйлчилэх Үндсэн хуулийн суурь зарчмыг амьдралд хэрэгжүүлж, мэдрүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан. Тиймдээ ч “Сантмарал” ын судалгаагаар ард түмэн түүнийг ТОП улстөрч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

СУЛ ТАЛ:

У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд эрх мэдэлтнүүдийн мэдээлэлд ойр давуу тал болон эрх мэдлээ ашиглан ард түмэнд олдодгүй хамгийн бага нөхцөлтэй зээлийг авч байсан ЖДҮ-гийн хэргийг илчилж гаргаж тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл ЖДҮ-чин гишүүд, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцоогүй байгаа. Энэ нь түүний хувьд нэг сул тал юм.

У.Хүрэлсүх 2000-2004, 2004-2008 оны УИХ-ын сонгуульд Хэнтийгээс 2 ч удаа сонгогдож парламентийн гишүүн болж байсан. Гэвч тухайн үедээ  тойрогтоо гарт баригдах, гялайж гялтайх олигтой том ажил хийгээгүй. Энэ нь түүний хоёр дахь сул тал болж мэднэ.

Магадгүй энэ нөхөн сонгуулиар хэнтийчүүд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн УИХ-ын 42-р тойргийн сонгогчдыг төлөөлөх эрх олгосон тохиолдолд тэр МАН-ын дарга, Ерөнхий сайд бас УИХ-ын гишүүн гэсэн улстөрийн болон төрийн 3 өндөр албан тушаалыг хаших болно. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо цаг зав гаргах, анхаарал хандуулах цаг зав хангалтгүй болж мэднэ. Энэ нь түүний гурав дахь сул тал хэмээн ажиглагчид үзэж байна. Харин хамгийн том буюу удаахь сул тал нь Монголын хамгийн том эрх баригч намын даргын хувьд нөхөн сонгуульд нэр дэвшсэнээр ялж чадахгүй бол МАН-ын болон хувь улстөрчийнхөө хувьд, Засгийн газрын тэргүүнийхээ хувьд маш том эрсдэл гаргаж буй явдал юм. Ялагдсан тохиолдолд тэр 2020 онд намаа ч, Засгийн газраа ч УИХ-ын сонгуульд тэргүүлэн оролцох ёс зүйн эрхгүй болно.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ж.ОЮУНБААТАР

ДАВУУ ТАЛ:

АН-ын хувьд 2000 оноос хойшхи УИХ-ын сонгуульд сонгуулийн 3 циклийн турш Хэнтий дэх суудлаа алдаж байсан. Харин 2012 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар ялалт авчирч, засаглалын эрх 12 жилийн дараа АН-д шилжиж Ж.Оюунбаатар Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдож байлаа.

Хувь хүнийхээ хувьд бүтээлч, хөдөлмөрч, бизнес сэтгэлгээтэй гэж хэнтийчүүд үнэлдэг юм билээ. Засаг дарга байсан 4 жилийн хугацаандаа аймагтаа бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, аймгаа өөрчилсөн хэмээн нутгийнхан нь ам сайтай байдаг. Тиймдээ ч 2016 оны сонгуульд түүнийг ялна гэж байсан ч УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид Засаг даргаа биш МАН-ын нэр дэвшигч 28-хан настай залууг сонгон төрийн түшээ болгосон. Үүндээ 42 дугаар тойргийнхон хожим нэлээд харамссан. Уг нь УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэрлэн сум аймгийн төв  Өндөрхаан  бол Ж.Оюунбаатарын төрж өссөн газар юм билээ. Тиймдээ ч Хэнтий аймагтаа, тэрдундаа аймгийн төвдөө бол түүний нэр хүнд, дэмжлэг сайтай. Эдгээр нь АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатарын хувьд давуу талууд хэмээн онцолж болохоор байна.

СУЛ ТАЛ:

Засаг дарга байхдаа нэр хүндтэй байсан ч 42-р тойргийнхон МАН-ын шинэхэн нэр дэвшигч Д.Гантулгыг сонгосон. Тухайн үед ийм сонголт хийхэд МАН болон АН-аас нэр дэвшигч энэ 2 хүний хувийн зан чанар, хандлага огтхон ч нөлөөлөөгүй. Харин хувь нэр дэвшигчийн гэхээс илүүтэй намынхаа нэр хүндээр Ж.Оюунбаатар ялагдаж байлаа. Энэ удаагийн нөхөн сонгуульд ч түүнд АН  дахин гай болох нь бараг тодорхой. Учир нь Ж.Оюунбаатарын хувьд хувь хүн талаасаа  гэр бүлийн хувьд тогтворгүй, өөрийн гэсэн байр суурьгүйгээсээ болоод “Цагаан шонхор”-ын Энхтайван гэх цагтаа гэмт хэрэгтэн байсан, олны танил рекетчиний нөлөөн дор байдаг хэмээн журмын нөхөддөө үнэлэгддэг сул талууд бий. Гэхдээ үүнээс илүүтэй  энэ удаад АН-ын дарга С.Эрдэнэ түүнийг нэр дэвшүүлж буйд гол учир бий. АН дотроо хэдэн хэсэг хуваагдаж, лидерүүдээс эхлээд жирийн гишүүд нь хүртэл С.Эрдэнийг АН-ын даргаас нь огцруулахаар тэмцэж буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордон барих нэрээр “Шонхор” нэртэй хувийн том ордон сүндэрлүүлсэн. Нийгмийн даатгалын мөнгийг шамшигдуулсан гээд зөвхөн намынхан нь төдийгүй нийгэм тэр чигтээ энэ хүнийг  муулж байгаа. Нэр дэвшүүлсэн нам болон намын даргын хүчин зүйлийг  харж, үнэлж саналаа өгдөг хэнтийчүүдийн хувьд АН доторх энэ эв түнжингүй байдал, АН-ын дарга С.Эрдэнийн нэр хүнд унасантай давхцан энэ нөхөн сонгууль болж буй нь Ж.Оюунбаатарт хамгийн том сул тал болох нь тодорхой.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР

ДАВУУ ТАЛ:

Н.Энхбаяр даргын хувьд Монгол даяараа хувь хүн, улстөрч талаасаа хэн бэ гэдгийг нь мэднэ. Унаж босч, ялж ялагдаж байсан түүхээс нь энэ хүнийг ямар тууштай тэмцэгч, зорилгодоо хүрэхийн төлөө яаж шантрашгүй зүтгэж буйг нь мэднэ. Улс төрийн туршлага болон боловсролын хувьд тэр улстөрчид дотроо тэргүүлнэ үү гэхээс чирэгдэхгүй.

Хуучнаар МАХН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын өргөн уудам нутгийг дөтлүүлсэн Мянганы замын ажлыг эхлүүлсэн, Их өрийг тэглүүлсэн гээд олон том ажлуудыг хийж бүтээсэн гавьяатай.

Улстөрчийн энэ замнал, гавьяагаар нь  түүнийг өнөөдрийг хүртэл дагаж дэмжиж буй олон хүн Н.Энхбаяр гэдэг хүнээр тугаа хийж, МАХН гэх нэг малгай дор нэгдсэн. Тийм ч учраас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн сонгуульд оролцох боломжгүй байсан Н.Энхбаярын хувьд чансаагаа дахин сорих, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж, рейтинг нь өсгөх  боломж бол Хэнтийн нөхөн сонгууль. Тиймээс энэ нам, энэ нэр дэвшигчийн хувьд ялалт, ялагдал нь Монголын улс төрд гэхээсээ илүүтэй МАХН-д үзүүлэх нөлөөлөл нь чухал учраас Н.Энхбаяр бол нэр дэвшигчийн хувьд ч , намын даргын хувьд ч ганц давуу тал нь юм.

СУЛ ТАЛ:

 1996-2013 он хүртэл Монгол улсын төр, засаг, эрх баригч намын бүх өндөр албан тушаалыг  Н.Энхбаяр гэдэг хүн  тасралтгүй 17 жилийн турш хашсан. Энэ хугацаанд дээр дурдсан Их өр, Мянганы замын ажлуудыг хийсэн ч Монголын төр мафижих, бизнесийн бүлэглэлийнхэн төрд шургалах үүд хаалга энэ хүний үеэс нээгдсэн гэдэг. Одоо энэ нь шүүх, хууль хянатынхнаар өргөжин тэлж МАНАН-гийн мафийн хэмжээнд хүрчихээд байгаа нь Н.Энхбаяр гэдэг хүнийг дахин УИХ-д оруулахгүй байх сул тал юм. Тэгээд ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд улстөрчдийнхөө хуйвалдаан, өшөө авалтын бай болсон түүний хувьд дахин “том” улс төрд орж, эрх мэдэлтэй болж хариугаа авах өш хонзонгоо  ил, далдаар илэрхийлдэг нь хоёр дахь сул тал нь юм. Түүнийг яаж өшөө авч, Монголын улс төрийг дахин яаж бужигнуулах вий гэдгээс олонх иргэд айж, болгоомжилдог нь нууц биш. Тэгээд ч одоо энэ бүхэн түүний 6 жилийн өмнөх улстөрчийн эрч хүч, нөлөөг байхгүй болгосон. Энэ  нь бас нэг сул тал нь юм. Тэрээр одоо хэнтийчүүдийн саналыг авч УИХ-д орж ирсэн ч үлдсэн ганц жилийн хугацаанд Монголын улс төрд болон  улс оронд ямар ч өөрчлөлт хийж чадахгүй нь бас нэгэн сул тал болох нь үнэн.

Д.Оюун

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. enkhbayar ni deer de hvrelsvh jonhuutai niileed erh medliin tuluu manan vvsgeed ard tvmnii amidraliig toohgvi mah benzinii vniig ch anhaarahgvi zuvhun songyyli bodoj yavaa hvn

  2. Хүрэлсүх ялах нь тодорхой ш дээ. Бүх эрх мэдэл, мөнгө, хүч энэ хүнд бөйхад. Бусад нь нэр дэвших хэрэггүй дээ

  3. Ж.Оюунбаатар нь уг нь нутаг орноо гэсэн зөв сэтгэлтэй хүн шиг санагдсан.Их ч бүтээн байгуулалт хийсэн гэх юм билээ.Судлаж байж сонгох байлгүй дээ Хэнтийн ард түмэн.
    Яг үнэндээ нөгөө хоёр бол – ?

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close