“Монголыг өөрчилсөн 30 компани” ном хэвлэгдэн гарчээ

2020 оны босгон дээр “Монголыг өөрчилсөн 30 компани” хэмээх нэгэн шинэ бүтээл уншигч Та бүхний гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү номд Монголын нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, хүмүүний соён гэгээрэлд томоохон өөрчлөлтүүдийг хийж, үндэсний баялаг бүтээхийн зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэгч болон шинэчлэн бүтээгч чадвараараа Монгол Улсын нүүр царай болж яваа салбар салбарын шилдэг төлөөлөл болсон 30 компанийн онц сонирхолтой түүх багтсан аж.

Төслийг хэрэгжүүлэгчид тухайн компанийн хөрөнгийн хэмжээ, улсын төсөвт төлж байгаа татварын дүн зэргийг чухалчлаагүй гэнэ. Харин салбартаа тэргүүлж, эх орноо дэлхийд таниулан сурталчилах хэмжээний хэн хүний танил болсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, бусдаасаа түрүүлж сэтгэн, тэднийг араасаа уриалан дагуулж буй компаниуд энэхүү номд мөнхлөгджээ.

Үүнд, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн сонгодог төлөөлөл “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр” мега төслүүд, шилдэг бүтээн байгуулагч “Жигүүр гранд групп”, “Гацуурт”,  “Монцемент” зэрэг компаниуд багтана.

Өнөөдөр монголчууд олборлогч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч болсон бөгөөд дэлхийн хэмжээний үйлчилгээг эх орондоо авч, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бараа, бүтээгдэхүүн төдийгүй оюун ухаанаа гадагш экспортлох хэмжээнд хүртлээ хөгжиж, салбар бүртээ “Анхны” гэх тодотголтой шинэчлэлүүдийг зоригтой хийснээр хуучин Монголын нэн шинэ өнгө төрхийг бүтээсэн сонирхолтой түүхийг уншигч Та тэдний инновацлаг байдал, шинэ шийдэл зэргээс уншаад ойлгох болно.

Эл номын бүтэц, агуулгыг үүсгэхдээ аль болох магтаал үг, гоёчлолоос зайлсхийхийг зорьсон бөгөөд “Монголыг өөрчилсөн 30 компани”-ийн бусдад үлгэр дууриал болохуйц бүтээлч, шинэчлэгч өнгө аясыг товойлгон гаргахыг хичээсэн аж.

Уншигч Та энэхүү номыг номын бүх дэлгүүрүүд болон цахим ном түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг Ardshop, BookLo, Book Sale зэрэг сайтуудаар захиалан авч унших боломжтой юм.

Таалан соёрхоно уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close