УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн байна. Прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хэлэлцэнэ. Тодруулбал дэд хороо 09.00 цагт хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар гишүүнээр ажилладаг юм.

УИХ-ын тухай хуулиар:

6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлжээ. Хуульд заасны дагуу өнөөдөр хуралдаж, хариу хүргүүлэх юм. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.

Гишүүн Н.Номтойбаярыг хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close