УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир нарын хэргийг ПРОКУРОР хянаж байна

УИХ-ын гишүүдтэй холбоотой буюу ЖДҮ-ийн сангаас хууль бусаар зээл авсан хэргээр шалгагдаж буй нэр бүхий гишүүдийн хэргийг прокурор хянаж байна. Энэ талаар   Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргээс тусгаарласан ЖДҮХС-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, Яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат, сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн.

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮСайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018.08.24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурор хянаж байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2018 онд Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, гишүүн нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй болон өөртэй нь холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гарган бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэг прокурорын хяналтад байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг гишүүний эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, “Сапфир стоун” ХХК-д давуу байдал олгож, ЖДҮХС-аас хүссэн төслийг дэмжих талаар тус сангийн захирал С.Төгсбилэгт хууль бусаар нөлөөлж, барьцаа хөрөнгө тавилгүйгээр 2018 оны зургаадугаар сард 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгуулсан гэх хэрэг мөн прокурорын хяналтад ирсэн.

Прокурор хуульд заасан хугацаанд дээрх хэргүүдийг хянаад шийдвэрээ гаргана” хэмээн Ikon.mn сайтад өгсөн ярицлагандаа дурдсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close