Редакцийн сонголт

Уханьд үлдсэн 30 монгол зүрхээ яаж хамгаалах вэ, Цогтбаатар сайд аа?

Шинэ корановирусын халдвар газар авч буйтай холбоотойгоор БНХАУ-ын Ухань хотоос гарах бүх автозамуудыг хаасаар байна. Автозам төдийгүй бүх зам, гарцуудыг хааж иргэдийг гэрээсээ гарахыг хязгаарлаад байгаа юм байна. Одоогийн байдлаар  Ухань хотод  30 монгол оюутан, бага насны нэг хүүхдийн хамт “хоригдоод” байгаа талаар Ухань хот дахь  Монгол Оюутны холбооноос мэдээллээ. Тэдгээр оюутнуудад  ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй  бөгөөд тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай харилцаа холбоотой байж зөвлөмж авч, халдварт өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлж байгаа аж. 

Ухань хотод үлдсэн оюутнуудын зарим нь өөрсдийн пейсбүүк хуудсаараа дамжуулан эх орноосоо, холбогдох төрийн байгууллагуудаас тусламж хүссээр байна. Учир нь байдал хүндэрсээр байгаа бөгөөд бусад улс орнууд  Ухань хотод ажиллаж амьдарч буй иргэдээ татаж авах зэргээр анхаарал хандуулааад эхэлжээ. Харин манай ГХЯ болон БНХАУ дахь ЭСЯ-наас ямар арга хэмжээ авч, анхаарал тавьж буй талаар мэдээлэл алга. Ингээд тус хотод хөл хоригдоод буй оюутнуудын цахим хуудсандаа бичсэн захианаас хүргэж байна. Монгол оюутнууддаа анхаарал хандуулахыг ГХ-ийн сайдаас, Ерөнхий сайдаас хүсч байна. 

УХАНЬ ХОТООС ГАРАХ БҮХ ЗАМЫГ ХААЛАА

Р.Болорцэцэг: 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол,

шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна

Би их аймхай болж. Хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар барагийн юмыг аймаар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчих вий, эцгийн хайрыг үгүйлчих вий, элэг нь бэтгэрчих вий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас, нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчих вий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна, бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанар луу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчих вий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Мөн тус хотод мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж ч мөн цахим хуудсаараа дамжуулан тусламж хүсчээ.

Э.Баасандорж: Уханьд түгжигдсэн монгол иргэддээ туслаач

Сайн байцгаана уу? Би УХАНЬ хотод Мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж гэдэг залуу байна. Яг одоогоор би амралтаараа эх орондоо ирээд сар гаруй болж байна. УХАНЬ хотод ямар нөхцөл байдал үүсээд байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ тэнд яг одоо Монгол улсын иргэн 30 хүн эрүүл саруул түгжигдээд байна. Монгол улсын хамгийн ойрын хөрш оронд шүү дээ.

Мэдээ мэдээлэл гараад хорио тогтоогоод 2-3 хонож байна. Олон цахим сүлжээнээс мэдээлэл авж байна. Зарим улс иргэдээ өөрсдийн онгоцыг явуулан татан авч байна, зарим нь автобусаар өөр хот руу шилжүүлэн тэндээс нь нисгэж байна. Гэтэл манай улсаас яагаад энэ хүмүүст ямар ч анхаарал хандуулахгүй байна вэ? Тэр бүх хүмүүсийг эх оронд нь гэр бүл, ээж аав, үр хүүхэд нь зовинон хүлээж суугаа шүү дээ.

Элчин сайдын яам гэх нэр бүхий байгууллагаас авах арга хэмжээ гэж байна уу? Албан ёсны бичиг үйлдээд автобусаар ч гэсэн иргэнээ голомтоос аваач ээ гэж гуймаар байна. Бид чинь харъяалах улстай эрх үүргээ хамгаалуулах эх оронтой хүмүүс шүү дээ. Удахгүй тэдний хүнс, хоолны нөөц дуусвал яах вэ?. Яг одоогоор тэдний ганц хийж чадах зүйл өрөөнөөсөө, гэрээсээ гарахгүй байх. Ийм үед Монгол гэдэг тусгаар тогтносон улсаар овоглож явдаг эрхээ эдлэх ёстой биш гэжүү?

Ийм явдал хэнд ч, ямар ч монгол улсын иргэнд тохиолдож болно. Тэр үед та бүхний үр хүүхэд оронд нь байна гээд бодоод үзээрэй. Солонгос улсад өвчний илэрц бүртгэгдээд байгаа ч ард иргэд нь Уханьд үлдсэн хүмүүсийн эрх ашгийн талаар ярьж иргэдээ авч ирэх тал дээр ажиллаж байна. Өөр олон улс иргэдээ хамгаалж байна. Гэтэл би энд цахим орчноос “наад хэдээ битгий авч ир”, “ирчихсэн байх вий” гэсэн сэтгэгдэл олж харж байгаа нь үнэхээр айдастай эмгэнэлтэй санагдаж байна. Тэдэнд туслаач!

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Ямар аймшигтай төр засаг ямар өрөвдөлтэй сэтгэхүйтэй ард иргэд вэ.30хүн гэдэг ямар их тоо вэ.3хан сая хүн амтай байж 3 хүн бсан ч бидэнд хэрэгтэй биз дээ.Дандаа хийж бүтээх насан дээрээ бга схан залуучууд бгаа.Ядаж монголдоо авчираад тусгаарлал даа.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close