Редакцийн сонголт

Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарлаж, Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг яллуулахаар нийслэлийн Прокурорт шилжүүллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хувьцааг хууль бусаар худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор зэрэг хүмүүсийн үйлдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн  хэргийг  тусгаарлажээ. Учир нь Ерөнхий сайд асан хил давж оргон зайлсан учраас бусад холбогдогчийнх нь хэргийг шийдвэрлүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг  авч Д.Эрдэнэбилэг, О.Орхон тэргүүтэй хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй. Түүний гаргасан шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж, хууль зөрчсөнийг  тогтоосон. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон үйлдэлд нь ч  яллагдагчаар тооцсон юм.

Хэргийг дахин сануулбал:

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс” (Монголиан коппер корперейшн) ХХК 2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байж. Гэтэл “Ростех” корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн юм. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.

Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад буюу “Монголын зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг аль эрт Д.Эрдэнэбилэг эзэнтэй Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкныхны хөрөнгө оруулалттай “Монголын зэс”-д худалдах тохироогоо хийчихсэн байсан бололтой.

Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах, эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсээр байтал ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн аваагүй нь тогтоогдсон гэдэг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close