Улсын онцгой комисст өнөөдөр “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө. Энэ үеэр дээрх компанийн удирдлагууд Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин, орон нутгийн бэлэн байдал, хамгаалах чадавхыг бэхжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Тухайлбал “Монголросцветмет” ТӨҮГ үйл ажиллагаа явуулж Бор-Өндөр сум болон харьяа үйлдвэрүүд байрлах орон нутгийн эмнэлэгт шаардлагатай хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг мөн хандивласан бөгөөд онцгой нөхцөл байдалд ашиглах тусгаарлах өрөө, техник хэрэгслийг бэлдсэн тухай уламжлан эмнэлгийн нэг удаагийн зориулалтын иж бүрэн хувцас хэрэглэл, мөнгөн хандивыг Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгсөн юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч байгаа явдалд талархал илэрхийлж, ажилчдын нэг өдрийн цалингаа Улсын Онцгой комисст хандивлаж, Орхон аймгийн Онцгой байдлын газарт орон нутгийн чадавхи, бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн хандив өргөж байгаагаа мэдэгдлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын мэдээлэл, харилцаа холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн Мобиком корпораци 10 мянган ширхэг цэнэглэгч картыг Улсын онцгой комисс, болон аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах улсын албадын хэрэгцээнд зориулан хандивлалаа. Түүнчлэн 03 дугаар сард борлуулагдсан “Хайр түгээе” цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг мөн Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх болсноо уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
Хүнд хэцүү цаг үеийг нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө хамтдаа тэмцэж хандив өргөн, Монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж байгаа нийт ард иргэддээ Улсын Онцгой Комиссын зүгээс талархал илэрхийлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна