Ц.Элбэгдорж: Вирусын тархалт ихтэй газраас холдоод нутаг руугаа ойртож явна


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авах Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан билээ. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байгаа.

Тэгвэл уг шийдвэр гарсантай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" гэжээ.

Түүнийг өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхан эх орондоо ирэхийг удаа дараа шаардсан. Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполд хандаж, байгаа байршлыг нь тогтоож, тус улсын хууль хяналтын байгууллагуудад хүртэл хандсан гэх. Тэрбээр олон улсын хурлыг далимдуулж, таван одтой зочид буудалд зургаан сар амьдарч байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдсан. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод ирэхийг сануулсан.

Яг одоо шинэ төрлийн коронавирус Европ тивд хурдацтай тархаж байна. Нэр хүндтэй тамирчид болоод Холлиудын жүжигчид хүртэл уг вирусний халдвар авсанаа зарласан. Манай улсын хувьд хэдийгээр нэг тохиолдол бүртгэгдсэн ч халдвар хамгаалалтын хувьд хамгийн сайн улс орнуудын тоонд орж байгаа.

Тэгэхээр Ц.Элбэгдорж цагдаагийн дуудлагаар бус цар тахлын сургаар сүүлээ хавчин  эх орондоо ирэх "дохио" өгч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна