Өнгөрч буй долоо хоногт Covid19 –өөс гадна олны анхааралд байсан, одоо ч байгаа нэг сэдэв нь З.Энхболд, Л.Наранбаатар нарын хэрүүл. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албанаасаа бууж, АН-ын даргын ахлах зөвлөх гэдэг ажилтай болсон З.Энхболд Тавантолгой төсөл, Эрдэнэс-Тавантолгой ХК-тай холбоотой асуудлыг өөрийнхөө төдийгүй намынхаа сонгуулийн сэдэв болгон сонгож авсан. Түүнээс өмнө энэ сэдвийг иргэн Л.Наранбаатар дангаараа шахам эзэмшиж байв. Тавантолгойг улс төрд ашиглах “зохиогчийн эрх”-ийн төлөө МАХН, юутай ч хамаагүй тэмцэгч Жагар, Бээжин гэх мэт олон нам хүчин, улс төрчид, иргэний хөдөлгөөнийхөн өрсөлдөж ирсэн ч тэд замын дундаас суларсаар үнэнч үлдэж хоцорсон нь “оймс Наба”.
Бүтэн хоёр жил 1072 хувьцаагаар улс төр хийж, 1072 хувьцаа эзэмшигчдийн холбоо хүртэл байгуулсан Л.Наранбаатарт гэнэтийн хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь Зи.Энхболд байлаа.Хоноц хоноцдоо дургүй гэгчийн үлгэрээр мөлжүүртэй сэдвийг нь булаацалдах өрсөлдөгч гарч ирсэнд дургүйцсэн юм уу яасан, тэрээр баасан гаригт хэвлэлийн хурал хийж, З.Энхболдын үнэн нүүр царайг илчлэв. Олон улсын хөрөнгийн биржид 30 хүртэлх хувийн хувьцаагаа зарж, 5 тэрбум ам доллар босгох чиглэлийг УИХ, Засгийн газраас Эрдэнэс-тавантолгой ХК-д өгсөн. Энэ ажлыг толгойгоороо хариуцсан хүн нь УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар.
Сүүлийн хоёр гуравхан жил, Б.Ганхуяг гэж захирлын үед л Эрдэнэс-тавантолгой өндөр ашигтай ажиллаж, олны анхаарал татсан компани болчихоод байгаагаас биш өмнө нь өр зээлэндээ дарагдсан, өдөр хоног аргацаасан олон төрийн өмчит газрын л нэг байв. Техник тоног төхөөрөмж, материаллаг бааз сул. Нүүрс угаах үйлдвэр байтугай олигтойхон экскаваторгүй шахам компани. Тиймээс нүүрс угаах үйлдвэрээс эхлээд кокс химийн үйлдвэр, конвейрийн систем, төмөр зам, авто зам барих гэх мэт томоохон төслүүд хэрэгжүүлэхэд 5 тэрбум орчим доллар шаардагдана, энэ мөнгийг олон улсын биржид хувьцаа гаргах, хөрөнгө оруулагчидтай хамтрах, өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх гэх мэт хэлбэрүүдээр босгохоор төлөвлөжээ. 2018 оны цэвэр ашгаасаа 500-аад сая долларыг Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам болон Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхэдзарцуулжээ.
Харин Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг гүйцээн барих төсөл дээр дотоодын хөрөнгө оруулагч компанитай хамтрахаар болж, Бодь интэрнэшнл компанийг сонгосон гэсэн. Тус компани нэг тэрбум шахам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай төмөр замыг 2 жилийн дотор барьж дуусгах бөгөөд төлбөрийг нь нүүрсээр авахаар гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэс-тавантолгой нүүрсээрээ бартер хийж, хамгийн чухал дэд бүтэц болох Гашуун сухайтын төмөр замаа бариулж авахаар тохирчээ.
Энэ бол сайн хувилбар. 2019 онд ЭТТ нэг тэрбум долларын нүүрс зарж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингээд үзвэл үйл ажиллагааны орлогоосоо жилд 400-500 сая долларыг шаардлагатай төсөлдөө зарцуулах чадамжтай болжээ. Гэхдээ зөвхөн өөрийн орлогоор том төслүүдээ хэрэгжүүлнэ гэвэл дор хаяж 15 жил шаардагдах нь. Тэр хооронд нүүрсний үнэ унахаас эхлээд олон эрсдэл бий. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа мөнгө болгож,”нүүрс угаах үйлдвэрээ ч болсон хурдан барь” гэсэн байдлаар Монголын төр шийдвэр гаргасан болов уу? 2,5 сая иргэн Эрдэнэс-тавантолгойн хувьцааг эзэмшдэг.
Хэрвээ Эрдэнэс-тавантолгой ХК олон улсын хөрөнгийн биржид гарна гэвэл бүх хувьцаа эзэмшигчдийн нэр, регистр, хаяг гэх мэтмэдээлэл олон улсад нээлттэй болно. Энэ нь хувь хүний, цаашлаад үндэстний, улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй юу? Нөлөөлдөггүй юм аа гэхэд тэр олон сая хүний бичиг баримтыг цэгцлэхээс эхлээд маш их ажил болно. Энэ мэт шалтгаануудаас болоод охин компани байгуулж, түүнийхээ 30 хувийг бирж дээр гаргах шийдлийг ЗГ гаргажээ.Шийдвэр хоёр жилийн өмнө шахуу гарч, З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг, хурал бүхэнд З.Энхболд суудаг байсныг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Гэвч Зи ноён ЕТГ-ын даргын ажлаа өгмөгцөө өмнө нь мэдэж, дэмжиж байсан зүйлээ огт мэдээгүй байсан мэтээр эсэргүүцэн, буруутган ярьж эхлэв. Тэрээр “Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг ганцхан тэрбум доллараар зарах гэж байна, УИХ-аас зөвшөөрөл авахдаа 5 тэрбумаар зарна гэчихээд хулхидаж байна” гэсэн тайлбар хийж буй. Тэгвэл ЭТТ-н 30 хувь биш ганцхан Зүүн цанхийн лицензийг эзэмшдэг Эрдэнэс-майнинг гэж охин компанийнх нь 30 хувийн хувьцааг арилжих бөгөөд ЭТТ 8 лицензтэй, түүнтэй нь харьцуулж үзвэл 4 хүрэхгүй хувь нь болж байгаа юм байна.
Эдийн засагчид, эдийн засгийн сэтгүүлчид ийм тооцоо хийж, З.Энхболдыг шүүмжилж буй бол өөрийгөө уул уурхайн эдийн засагч гэдэг иргэн Л.Наранбаатар “З.Энхболдын энэ санаархлын цаана хувийн ашиг сонирхол байна, Страто, Хишиг Арвин гэх компаниуд ашиггүй болчих гээд байгаа учраас тэрээр Тавантолгой дээр IPO хийхийг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ. Хэдийгээр албан ёсны бичиг баримтаар хамааралгүй ч гэлээ Страто, Хишиг-Арвин компаниудын нууц эзэн нь З.Энхболд гэж Л.Наранбаатар мэдэгдсэн. Өмнө нь ийм яриа байсаар ирсэн.Страто компанийн 37 хувийг эзэмшдэг, захирлаар нь ажилладаг Баттүшиг нь З.Энхболдын дүү Хишигтогтохын найз бөгөөд дундаа хоёр компани хамтран эзэмшдэг, нэг оффистой.
Хишиг арвин компанийн дэд захирал Тулгат, З.Энхболд, дүү З.Хишигтогтох нар нь Ардчилсан хүчний холбоо ТББ-ын үүсгэн байгуулагчид гэхчлэн баримт, схемүүдийг тэрээр дэлгэсэн. Тэр ч байтугай Страто ХХК-ийн Эрдэнэс-тавантолгой ХК-иас нүүрс худалдан авсан гэрээг ч ил болголоо. Гэрээнээс үзвэл Страто ХХК нь ЭТТ-оос хоёр удаа 150 мянган тонноор нүүрс худалдан авах гэрээг хийжээ. Нэг тонн нүүрсийг 63 доллараар худалдан авсан гэж Л.Наранбаатар хэлсэн бол 1 тонныг 72 доллараар авсан гэж Страто ХХК-ийн захирал Баттүшиг дараа нь хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдлээ. Хэрвээ “Эрдэнэс-тавантолгой” охин компаниараа дамжуулан IPO хийж, олон улсад нээлттэй компани болчихвол З.Энхболд мэтийн улс төрчдийн нөлөөлөл орохоо болино, дээрээс нь IPO хийж олсон мөнгөөрөө нүүрс угаах үйлдвэр барьчихвал Страто мэтийн үйлдвэрт нүүрс өгч угаалгах шаардлагагүй болох учраас З.Энхболд IPO-г эсэргүүцэж байна гэж Л.Наранбаатар мэдэгдсэн бөгөөд З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хандсан юм.
Хэрвээ улс төрийн нөлөөгүй, бизнесийн зарчмаараа ажиллавал ямар байж болохыг өнөөдөр ЭТТ харуулж байна гэсэн агуулгатай зүйлийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Үнэхээр ч Эрдэнэс-тавантолгой ХК байгуулагдсан цагаас эхлээд улс төрийн, улс төрчдийн нөлөөлөл орж, элдэв сонгуулийн шоу, амлалтын золиос болж ирсэн. Өнөөдөр ч мөн З.Энхболдтой АН-ын сонгуулийн өмнөх улс төрийн сэдэв болж хувирлаа. “Сонгуулиас наана IPO хийхгүй ээ, дараагийн ЗГ энэ асуудлыг шийдвэрлэнэ биз” гэж сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн ч сонсоогүй мэт З.Энхболд Тавантолгойг Монголчуудад авч үлдэх үлгэрийн баатрын дүрд үргэлжлүүлэн тоглосоор.
Гэр бүлийнхэн, найз нөхөд төдийхөн хүн цөөтэй зааланд, урмыг нь бодон сулхан алга ташихыг сонссонжүжигчин өөрийгөө ОД болчихлоо гэж эндүүрэнуйтгартай тоглолтоо үргэлжлүүлсээр байгааг харах инээдтэй л юм. Бас энэхүү “мундаг” жүжигчинд тайзаа булаалгачихлаа гэж сандарсан өөр нэг жүжигчин хажуу булангаас гэнэт гүйн гарч ирж, жүжигчний хормой хотыг сөхөн, нууц эрхтнийг нь ил гаргах зэргээр тайзнаас түлхэн буулгахыг хичээх аж. Ийм нэгэн жүжиг Монголын улс төрийн тайзнаа тавигдаж байна. Хэд хоног тавигдахыг үзэгчид биш жүжигчид шийдэх нь харамсалтай.Телевизүүд улиг болсон сериалаа үзэгчдийн хүсэлтээр гээд дахин давтан гаргадаг шиг авирлаж чадах эрээ цээргүй, мэдрэмжгүй жүжигчид тайзан дээр гарч иржээ. Тавантолгойгоор жүжиг тавих, улс төр хийх “патент”-ын төлөө тэмцэгч тэдэнд ийм эрхийг 2,5 сая хувьцаа эзэмшигч иргэн өгсөн гэж үү?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна