Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ шаардлага хүлээж авахгүй бол АТГ болон ТЕГ-т хандана

Өчигдөр 14 цаг 56 минут

Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн, Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АН-ын нэр дэвшихээр илэрхийлсэн ҮБХ-ны 100 гаруй гишүүд 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгөө төлсөн. Миний бие Баянхонгор аймагт нэр дэвшихээр 2019 оны 12 дугаар сард эхний 40 сая төгрөгөө тушаасан. Дараа нь  2020 оны 01 сарын 31-нд 30 сая, 3 дугаар сарын нэгэнд 30 сая төгрөгөө  тушаасан.

 100 сая төгрөгөө тушаасан хүнийг зөвхөн С.Эрдэнэ дарга л мэдэж байгаа. ҮБХ-ны гишүүдэд энэ талаар зарлаагүй. Тиймээс энэ нэрсээ ил болгохыг шаардаж байна.  С.Эрдэнэ дарга гишүүдээ мөнгөөр уралдуулж байна. Үзэл бодлоор нь уралдуулах хэрэгтэй.

Үндэсний аудитын газраас  сонгуулийн дээд зардлыг 380-800 сая төгрөгөөр тогтоосон. Манай аймагт 398 сая буюу ойролцоогоор 400 сая төгрөг баталсан.  АН-д 100 хүн 100 са төгрөг тушаачихаар сонгуульд 10 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр сонгуульд оролцох нь гэж бодож байтал дахин сонгуулийн зардал нэхсэн нь хар дагуулж байна.

Дунд шатанд нууц гэрээ байгуулж, хүч түрж гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэж тулгасан.  Гэрээг С.Эрдэнэ даргын хамаарал бүхий хүмүүс байгуулсан. Нийт 450 сая төгрөг тушаахыг шаардсан.  100 сая төгрөгөө тушаачихлаа. 400 сая төгрөгийн 50 хувь 200 сая төгрөгөө мөн тушаачихлаа. Гэтэл нэр дэвших мандатаа авч чадахгүй бол яах бэ гэхэд “ХОХИНО” гэсэн.

Нам ялбал улстөрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Ардын намын 60 тэрбум төгрөгийн схемыг С.Эрдэнэ зурчихаад байгаагаа нотолж байна. С.Эрдэнэ энэ хууль бус шийдвэрүүдээ ҮБХ-оороо батлуулсан. ҮБХ-ны 51 хувь нь С.Эрдэнийн ойр тойрны хамаарал бүхий хамаатан саднууд байдаг.

С.Эрдэнэ даргын тулгалтаар ҮБХ мөнгө баталдаг хороо болсон.  ҮБХ-ны гишүүдийн татвар, дэнчин гээд АН-д жил 2-3 тэрбум төгрөг цугладаг. С.Эрдэнэ даргын хувийн эзэмшилд байдаг Шонхор таурт Ардчилсан нам байрладаг. Байрны өнгө сайжираад байдаг, намын өнгө сайжирахгүй байна.

АН-ын дарга нарын амьдрал сайжраад, гишүүдийн амьдрал сайжирахгүй байна. Санхүүгийн ил тод байдлыг шаардаж байна. С.Эрдэнийн хууль бус санхүүгийн схем нь манай нам СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УУ ОРОЛЦОХГҮЙ ЮУ, С.Эрдэнэ даргагүйгээр АН сонгуульд оролцох уу, оролцохгүй юу гэдэг хоёрхон зам байна. С.Эрдэнэ дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон нь ХАГАРЛЫГ ДЭЭД ЦЭГТ хүргэж байна.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ гээд намайг маргааш яахыг сайн хараарай. Өнгөрсөн баасан гарагт АН-ын дарга С.Эрдэнэтэй 40 гаруй гишүүдийн төлөөлөлтэй хамт уулзсан, шаардлага тавьсан. Гэтэл Баянгол дүүргийн ИТХ-ын дарга  Г.Энхболд “Чи миний хадам аавыг юу гэдэг хэн бэ” гэж дайрсан. Хүргэн хүү хүчтэй болжээ, намд. Өөрөөр хэлбэл ГЭР БҮЛИЙН НАМ БОЛЧИХОЖ. Баянгол дүүргийн ИТХ-д С.Эрдэнийн хэн хүн байдаг вэ. Хөөрхий минь Ардчилсан нам гэж сонгоод байсан чинь С.Эрдэнийн хамаатнуудыг сонгочихсон.

Гурав хоногийн дотор доорх шаардлагыг хангахгүй бол АТГ, ТЕГ-д хандана. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж хууль шүүхийн байгууллагад хандана.  Би С.Эрдэнэд дөрлүүлчихсэн хүн биш.Манай зарим нэг дарга нарын ойр тойрны хүмүүсийг хууль хяналтынхан шалгаж байгаа. Оны өмнөх нь С.Эрдэнэ даргын охиныг 72 суулгаад гаргасан гэж сонссон. Мөн оны дараа С.Эрдэнэ даргыг сайд байхад нь агентлагынх нь даргаар ажиллаж байсан хоёр хүнийг саатуулсан. Хуулиар гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс намд байх ёсгүй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна