НӨАТ-ын урамшууллыг 7 хувь болгохоор хэлэлцсэн ч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Хуралдаанаар эхлээд Н.Оюундарь гишүүний санаачилсан НӨАТ-ын урамшууллыг долоон хувь болгох хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Үүний дараа Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж болох эсэх, татварын орлого буурах эсэх асуудлаар тодруулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан НӨАТ-ын буцаан олголтыг есөн хувь болгох саналтай байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хоёр гишүүн хуулийн өөр зүйл заалтыг хөндсөн учир хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх боломжгүй гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгосноор 20 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг болно гэлээ.

Мөн энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгууль болох гэж байна. Ойлгож байна. Харин улсын татварын сууриудыг устгах хэрэггүй.  Ардчилсан намаас ч эдийн засгийн сууриа унагаах ажил битгий хийгээрэй гэдгийг хүсэж байна” гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна