Сүрьеэ: Төв аймгийн Сүмбэр суманд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

Нэмэлт:

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь  харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношлож, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна” гэлээ.

БЗД-ийн 97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор тогтоогджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар тээгч болсныг дөнгөж уржигдархан мэдэж нийгмээрээ бухимдацгааж байгаа энэ үед бас нэгэн сургуулийн 70 гаруй сурагч сүрьеэгийн халдвар тээгч болсон нь тогтоогджээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор тогтоогдсон байна. Үүнийг арваадхан хоногийн өмнө мэджээ. Тус сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-тэй хамтран энэ сарын 8-ны өдөр урьдчилсан шинжилгээг сурагч багш ажилчдаас авчээ. Шинжилгээгээр 70 орчим сурагч сүрьеэгийн халдвартай гэж оношлогдсон байна.  Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа мэдээллээр сүрьеэгийн халдвар авсан бол өвчилсөн гэсэн үг биш ажээ. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт гэнэ. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close