З.Энхболдын төрсөн дүү, бие төлөөлөгч, эхнэрийнх дүү гээд бүгд “Страто”-гоос цалинждаг


Эдийн засагч Л.Наранбаатар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон “Страто” компанийн талаар мэдээлэл хийлээ.

Л.Наранбаатар “Би өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга асан З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий, нэгдмэл, бизнесийн ашиг сонирхол нэгтэй этгээдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан. Улс төрийн нөлөөгөө ашиг сонирхол нэгтэй хүмүүстээ үзүүлсэн байж болзошгүй талаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, ТЕГ-т хандаж, гомдол гаргасан.

Харамсалтай нь хууль хүчний байгууллагууд энэ хүнийг шалгахгүй гэсэн хариу өглөө.  АТГ болон Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас энэ хүнийг “Хишиг арвин”, “Страто” компанитай холбогдуулж шалгахгүй гэдэг хариуг өгсөн.

З.Энхболд үнэхээр мангас болчихож. Хууль хүчний байгууллагууд айгаад шалгахгүй байна.

Одоо шинэ нотлох баримтыг та бүхэнд өгье. Энэ хүнийг шалгуулах гэхээр АТГ-аас З.Энхболдод маш хурдан бичиг гаргаж өгч байгаа юм. З.Энхболд “Страто” гэдэг компанид хувьцаа эзэмшдэггүй юм байна гэдэг бичиг гаргаж өгсөн. Тэгээд хувьцаа эзэмшдэггүй учраас шалгахгүй гэж хэлээд байгаа юм. Ямар тэнэг хүн өөрийнхөө хувьцааг ил тод бичээд байж байх вэ.

З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох гол бизнесийг хийдэг. Энэ хүнтэй хамаарал бүхий 20-иод компани бий. Зарим нь З.Энхболдын мэдлийн байшинд оффислож байна.  “Страто”-гоос З.Хишигтогтох цалин авч байгаа. 2018 оны аравдугаар сараас Т.Батдэлгэр гэдэг хүн цалин авсан. Энэ хүн бол З.Энхболдын эхнэрийн төрсөн дүү.

В.Алтантуяа гээд З.Хишигтогтохын эхнэр. В.Ганцолмон гэдэг хүн байгаа. Энэ бол В.Алтантуяагийн дүү юм уу, эгч байх. Энэ хүн “Страто” компаниас цалин аваад явж байна.  Ж.Даваасүрэн гэдэг хүн бас “Страто”-гоос цалин аваад явж байгаа. Энэ хүн З.Энхболдын бие төлөөлөгч.

“Арвай милк” гэдэг компанийн нэр дээр ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авч байсан юм билээ.  Ж.Даваасүрэн гэдэг З.Энхболдын ЖДҮ-ийн зээлийн халхавч байсан байх. Үүнийг хууль хүчний байгууллага яагаад шалгахгүй байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна