УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Монголбанкнаас гаргасан хэрэглээ, ипотекийн зээл хойшлуулах шийдвэр арилжааны банкууд дээр хэрэгжихгүй байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Байнгын хорооны хурал хийж Монголбанкинд “Хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор дагаж мөрдөх журам гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх” үүрэг өгч, биелэлтийг хянан ажиллаж байна.
Тэгвэл саяхан тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, гишүүн Б.Баттөмөртэй хамтран Коронавируст халдварт цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт тэрээр өргөн барьсан юм. Энэ мэтчилэн ард иргэдийнхээ орлого, эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлээр бодитой ажлууд хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэгтэй ярилцлаа.
- 2016 оны УИХ-ын сонгуулийн жижигссэн тойргоор явагдсан сонгуулиар та Чингэлтэй дүүргийн гэр хорооллын таван хорооноос нэр дэвшсэн. Энэ тойрогтоо улсад анх удаа гэсэн тодотголтой, жишиг болох олон ажилд хөрөнгө оруулалт олж, маш том бүтээн байгуулалтууд хийж бодит ажил хэрэг болгосон. УИХ-ын гишүүн болоод төлөвлөснөө ажил хэрэг болгож чадсаны нууц нь юундаа байна?
-Гэр хорооллын 200 айлыг бохир цэвэр, ус, дулаан зэрэг инженерийн бүх шугам сүлжээнд холбосон “Дэд бүтцийн төв” төсөл, айл өрхийн байшингуудыг дулаалж, нүүрс түлэхийн оронд цахилгаанаар халаалтыг шийдсэн юм.Үүнтэй зэрэгцээд янданг буулгаж цахилгаанаар халаах, эко 00 асуудлыг шийдсэн “Шинэ хороо” төсөл өрхийн бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдэнд учирдаг түрээсийн дарамтыг арилгасан, хамтдаа хөгжих боломжийг олгосон “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” төсөл гээд сүүлийн хэдэн жилд дээр дооргүй ярьсаар ирсэн, зориод ч хийж хэрэгжүүлж чаддаггүй байсан асуудлыг барьж авч, үр дүнг нь үзлээ. Манай хороодын иргэд тун ам сайтай, баяртай байгаа. Бодитой ажил болгоход үнэхээр хүнд байсан.
Монголын төр засаг, үе үеийн Засгийн газар, эрх баригчид гэр хорооллыг хөгжүүлье, инженерийн дэд бүтэцтэй болгоё, утаанаас, хөрсний бохирдлоос салгая гэж ярьж, хөрөнгө мөнгө гаргадаг хэдий ч үр дүнд хүрдэггүй байсан юм.
Өнгөрсөн хугацаанд би зөвхөн сонгогдсон тойргоо бодож ажиллаагүй гэдгээ тодруулж хэлье. Мэдээж намайг төлөөллөө болгож УИХ-д сонгосон иргэдэд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан. Тиймээс ч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд дээрх томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Улаанбаатарын гэр хорооллыг дэд бүтэцтэй, орон сууцтай болгож хөгжүүлж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон учир нэг хороог жишиг хороо болгосон юм.
Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороо гэр хороолол юм. Энэ хороодод цаашдаа дээрх төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 2020 онд дөрвөн тэрбум төгрөгөөр “Шинэ хороо” төсөл хэрэгжихээр төсөвт мөнгө нь туссан. Хэдхэн хоногийн дараа Барилга, хот байгуулалтын яам тендерийг нь зарлаад, ажил эхлэнэ. Тендер авсан нэг компани 150-аас доошгүй айлыг дулаалах учраас энэ төсөлд стандарт хангасан айлуудыг бүгдийг нь хамруулах бололцоо байгаа. Гол нь тендер авсан компани ажлаа сайн хийх хэрэгтэй. Үүнд манай ажлын алба маш их анхаарал тавьж байна. Төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд эхлээд, эсвэл дундаа ороод дандаа хөрөнгө мөнгө нь гацчихсан, газар чөлөөлөх асуудал нь шийдэгдээгүй, санхүүжилтгүй болж зогсчихсон байдаг нь сэтгэл дутсан, хариуцах эзэнгүй хаясантай л холбоотой шүү дээ. Тийм алдааг гаргуулахгүй байх нь миний зарчим, зорилго юм.
-Таны сонгогдсон дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр тун ойрын үед хийгдэж байгаа ямар ажил байна?
-Чингэлтэй дүүрэгт, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцыг дэд бүтцээр хангах төсөл 60 гаруй хувьтай хийгдээд зогсчихсон байсныг БХБЯ, төсөл хэрэгжүүлэгчтэй ярилцаж, шахаж ажиллан хөдөлгөснөөр инженерийн шугам, сүлжээний ажлыг дуусгалаа. Уг төсөл маань өөрөө 60 гаруй тэрбум төгрөгний өртгөөр хийгдэж дууслаа. Одоо иргэд газраа чөлөөлөөд дахин төлөвлөлтөө хурдан оруулж, энэ шугам сүлжээг ашиглах нь чухал байна.
Гэр хорооллыг дэд бүтэцтэй, инженерийн шугам сүлжээтэй болгосноор агаар, хөрсний бохирдлын асуудал давхар шийдэгдэнэ.
Гэр хороололд орон сууц барина гэж эрх авсан, ажил нь бүр эхлээ ч үгүй байгаа компаниудын асуудлыг яах вэ? Иргэд л хохирсоор байна шүү дээ.
-2012-2016 онд гэр хороололд дахин төлөвлөлт хийнэ, орон сууц барина гэж эрх авсан нэлээд компани ажлаа хийгээгүй. Эдгээр компаниудын асуудал маш хүнд байгаа. Шууд хасаад чаддагийг нь оруулах гэхээр шүүхдээд явчихдаг. Шүүх дээр заргалдаад байгаа компаниудын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон компаниудийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэрлэлтийн судалгааг ч авсан. Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон ч ажлаа хийгээгүй “Эрэл” компанийн эрхийг цуцалсан ч шүүхэд нэхэмжлэл гарган өчнөөн явдал чирэгдэл болсон хэрнээ нэхэмжлэлээсээ татгалзсан байна лээ.
Эрх авсан компаниуд ингэж шүүхдээд явчихдаг асуудлын цаана олон айл өрх, иргэд хохирч буй учир шүүхийн шинэчлэлийн асуудлыг ч хөндөхөд хүргэж байна. Энэ ноцтой асуудлыг хамгийн эхний ээлжинд шуурхай шийдвэрлэхэд бид онцгой анхаарч ажиллана.
- “Дэд бүтцийн төв”, “Шинэ хороо” төслийг хэрэгжүүлэхэд айл өрхүүдээс өртөг, зардал гардаг уу?
-285 айлыг хамруулан инженерийн шугам оруулсан “Дэд бүтцийн төв” төслийг нийт 10 орчим тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн. Энэ хэмжээний мөнгөөр 285 өрх айл орон сууцтай болсон гэсэн үг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд айл өрхүүд ванн, 00 зэрэг зарим эд зүйлээ өөрсдөө авч, бусад бүх зардлыг төслийн хүрээнд шийдсэн. Харин “Шинэ хороо” төсөл ашиглалтын хувьд хэт муудаагүй, төдөөс төдийн хэмжээтэй байшинтай гэх зэрэг энгийн шалгууртай. Үр өгөөжөө бодолцож шалгуур тавихаас өөр аргагүй. Олон жил засаж тордоогүй байшинг дулааллаа ч үр дүнгүй болдог учраас. Энэ төсөлд иргэдээс гарах зардал гэвэл хашаа хороогоо тордоод, хашаан дотроо мод бут, зүлэг тарьж агаар, хөрсний бохирдлоосоо салах сэтгэлгээтэй болох л явдал юм. Манай иргэд ч үүнээс хойш суудаггүй, байшингаа ийм гоё болгочихсон юм чинь одоо ингэнэ, тэгнэ гээд урамтай, баяртай байдаг. Гурав, дөрвөнхөн жилийн дотор ийм их юм хийх боломж байдаг л юм байна гэж ярих иргэд олон таарсан. Аргагүй шүү дээ, Чингэлтэй дүүрэгт сүүлийн 25 жилд хамгийн их хөрөнгө оруулалт энэ дөрвөн жилд хийгдэж, шууд үр дүнгээ өгсөн.
- Сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрчдийг эрх барьж байгаа МАН-ын зарим гишүүдийг харлуулах явдал газар авч эхэллээ. Тухайлбал ЖДҮ-ийн асуудал байна. Та энэ сангаас зээл авсан юм уу?
-Би болон миний хамаарал бүхий этгээдүүд зээл аваагүй. Хамааралгүй этгээдэд ч зээл зуучилж өгөөгүй. Би зээл аваагүй гэж хэлэх нэг хэрэг. Гол нь үүнийг баримтаар няцаах учиртай. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд би албан бичиг явуулсан. М.Оюунчимэг гэдэг хүн, хамаарал бүхий этгээд нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан уу, хэн нэгэнд зээл авахад нөлөөлсөн үү гэдэг лавлагааг ирүүлнэ үү гэж. Тус Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэгийн гарын үсэгтэй миний нэр дээр 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн албан бичигт “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжиж ирснээс хойших хугацаанд тус сангаас М.Оюунчимэг нэрээр ямар нэгэн зээл олгоогүй, хамаарал бүхий этгээдтэй холбоотой болон зээлийн шийдвэр гаргалтад нөлөөлсөн тухай мэдээлэл Санд байхгүй болно” гэсэн байна. Тухайн үед мөн Авлигатай тэмцэх газарт ч хандсан. Манайд шалгагдаагүй гэж хариу ирүүлсэн
УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо бизнес эрхлэгчдийн компанийг хамруулж өгнө үү гэж бичиг хийж ЖДҮ-ийг дэмжих санд өгсөн асуудал гарсан. Ер нь УИХ-ын гишүүд тойргийнх нь иргэд, байгууллагаас хүсэлт санал ирвэл түүнийг нь зохих байгууллага, албан тушаалтанд уламжилдаг шүү дээ. Та ийм байдлаар ч ЖДҮ-д хандаагүй юм уу?
-Би ямар ч компани, бизнес эрхлэгчийг дэмжээч гэж зуучилсан бичиг хийж өгөөгүй. Тиймээс ч миний нэр анхнаасаа ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийн нэр дотор байхгүй.
-Тэгвэл таныг зээл авсан гэж яагаад яригдах болов? Олон нийтийн сүлжээгээр ийм мэдээллийг сүүлийн үед бүр зохион байгуулалттай нэлээд түгээгээд байх шиг...
-Миний сонгогдсон хороо, дүүргийн иргэдэд онцлон түгээж буйг мэдээж улс төрийн зорилготой л гэж харж байна. Улс төрчид хийсэн бүтээснээрээ бус нэгнийхээ нэр хүндийг харлуулж өрсөлддөг заншсан аргаа л хэрэглэж байгаа нь тэр.
Харин яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэг талаар товчхон тайлбар хэлье. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, гишүүдийн нэр аль жилийн өмнө тодорхой болсон шүү дээ. Анх ЖДҮ-ийг дэмжих сангаас тэр, энэ хүмүүс зээл авчээ гээд шуугиж байх тэр үед МАН-ын бүлэг хоёр хуваагдчихсан байсан. Яг тэр өдрүүдэд шударга үнэний талд зогссон цөөнгүй гишүүдийг янз бүрээр дарамтлах, эсвэл талдаа татах гэсэн оролдлого гарч байсан. Өөр гишүүд бас ийм байдалд орсон болов уу. Саналыг нь хүлээж аваагүй учир сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ миний нэрийг санаатай хэлсэн гэж боддог. Тэр үед Л.Энх-Амгалан гишүүнд хандаж хэлсэн, та энэ мэдээллээ нотлоорой гэж. Харин тэр хүн надад “Энэ бол улс төр шүү дээ. Нэр андуураад хэлсэн шүү дээ, Уучлаарай” гэсэн. Тухайн үед явсан бохир улс төрөөс улбаатай мэдээллийг одоо Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой хүмүүс гаргаж ирээд, зураг хөрөгтэй эвлүүлээд цацдаг юм байна лээ. Зарим үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага шалгаад хэн, ямар зорилгоор ийм мэдээлэл цацдагийг тогтоосон.
-Энэ дашрамд тодруулахад хөрөнгө, орлого нь гишүүн болсноосоо хойш их хэмжээгээр нэмэгдсэн гэдэг мэдээлэл мөн цацагдсан. Энэ талаар Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж байсныг санаж байна?
-Миний хөрөнгө, орлого УИХ-ын гишүүн болоод нэмэгдээгүй, байгаагаараа л байгаа. Нөхөр маань их сургууль төгссөн цагаааа хойш бизнес хийсэн. Бусдын жишгээр нийгэм, эдийн засгийн байдлыг дагаж бизнес нь дээшилж, бас уруудаж л явдаг.
Хөрөнгө, орлого нэмэгдсэн гэдэг тухайд нэг төрийн бус байгууллага анх ийм мэдээлэл нийгэмд цацсан. Тэр залуусыг хүлээж авч уулзахад бас л “Уучлаарай, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн арын хэсгийн тайлбар харагддагүй учраас бид техникийн алдаатай тоог үндэслэн цэг, таслал андуурсан байна” гэсэн. Ямар ч хүн байсан нэр төрийг нь хөндсөн мэдээлэл цацах гэж байгаа бол нягталдаг баймаар. Зориуд ийм мэдээлэл цацчихаад “Уучлаарай” гээд орхисны дараа тэр мэдээллийг нь үнэн юм шиг харагдуулж, дэвэргэдэг увиагүй үйлдэл гардаг нь харамсалтай.
-Хариуцлагагүй мэдээлэл цацсан Л.Энх-Амгалан гишүүн, тэр ТББ-ыг шүүхэд нь өгчихөж болоогүй юм уу?
-Энэ асуудлаар би АТГ, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгаж өгнө үү гэж хандсан. Мөн шүүхэд хандахаа ч мэдэгдсэн. Харин тэд өөрсдөө уучлал гуйсан. Ёс зүйн дэд хороо хоёр ч удаа хуралдаад, дарга Б.Бат-Эрдэнэ нь “УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хөрөнгө, орлогод огцом өөрчлөлт орж, нэмэгдсэн зүйл алга. Техникийн алдаа буюу цэг, таслал андуурагдсан байна” гэдэг тайлбар өгсөн.
Би УИХ-д анх нэр дэвшихдээ нэр цэвэр байх ямар чухлыг ойлгосон. Албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглаж улс орон, нийгэмдээ хохиролтой зүйл хэзээ ч хийхгүй. Ямар нэг хууль бус арга замаар мөнгө олохын төлөө ч би явдаггүй. Хууль бус, хувийн эрх ашгаа бодолцсон зүйл хийж байсангүй. Энэ зарчимдаа үнэнч учраас ч тэр үү нийгэм, хүний хөгжлийн төлөө УИХ дээр орж ирсэн асуудал бүрт нухацтай хандаж, саналаа хэлдэг. Тухайлбал, улс төрчид, албан тушаалтнууд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авдаг байдал цаашид давтагдахгүйн тулд Ж.Ганбаатар нарын гишүүдтэй хамтран Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл санаачилж, батлуулсан. Энэ хууль хэрэгжээд эхэллээ. Сангийн жижиг бизнес эрхлэгчдэд зориулагдсан мөнгө банкаар өндөр хүүтэйгээр дамжихгүйгээр эзэндээ хүрдэг боллоо шүү дээ.
Түүнчлэн, Чингэлтэй дүүрэгт хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан түрээсийн хямд ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэгч болгон “бойжуулах”, сургалт сурталчилгаа олон талт үйлчилгээ үзүүлэх зорилготой сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж ашиглалтад оруулсан гээд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна.
-Өргөдлийн байнгын хороо Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газартай нягт хамтран ажилласан. Мөн та Туул голыг хамгаалалтад авах, эрэг дагуух байшин барилгыг буулгах зэргээр мөнгөтэй хүмүүстэй дайтсан ажил ч багагүй хийлээ. Энэ нь улс төрд магадгүй танд дайсан бэлтгэсэн байх. Шантрахгүй байна уу?
-Дайсантай болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм байлаа ч ийм зүйлээс болж шантрахгүй. Шантрах байсан бол би яах гэж улстөрд орсон юм бэ.
Улстөрийг ойроос харж, ажиглаж явсны хувьд энэ байтугай асуудал гарахыг би төсөөлж байсан. Юм хийж бүтээх нь хүн болж төрсний чухал хэрэг шүү дээ. Би сэтгүүлч, сурвалжлагч байхдаа ч нийгмийн шударга ёсны төлөөх эмзэг сэдвүүдийг барьж авч, шантрахгүй ажилладаг байсан. Одоо шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна, энэ боломжоо ашиглаж нийгмийн сайн сайхны төлөө цаашдаа ч их зүйл санаачилж хийх болно.
Эх сурвалж: Өдрийн сонин О.Ариунцэцэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна